Дэлхийн болон Монгол орны уур амьсгалын дулаарал

Монгол бол уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их орж байгаа улс орнуудын нэг билээ. Цаг уурын дулаарал, өөрчлөлтөд хүн бүр анхаарлаа хандуулах болоод байна. Учир нь ганц нэг хүн, улс гүрэн энэ асуудлыг дангаараа шийдэх боломжгүй юм. Дэлхийн агаарын хэм сүүлийн 100 жилд 0.7 орчим хэмээр дулаарчээ. Манай орны хувьд өнгөрсөн 68 жилд ялангуяа өвлийн улиралд дунджаар 2 орчим хэмээр дулаарсан байна.
Уур амьсгалын өөрчлөлтөт цаг уурын гэнэтийн үзэгдлүүд буюу шуурга, үер, ган гачиг, хар салхи ихсэх, элсний нүүдэл эрчимжих болон хүн амын өвчлөл, нас баралт нэмэгдэх нь шууд нөлөөлдөг байна.

Тэгвэл хүнсний хангамж, хүрэлцээ багасах, шавьжаар дамждаг халдварт өвчнүүд, тухайлбал халуун хумаа, денгийн цусархаг халуурал, хачигт энцефалит зэрэг нь шууд бусаар нөлөөлдөг ажээ. Мөн үерийн улмаас усны эх үүсвэр нян, вирус, шимэгчээр бохирдож, урвах тахал, цусан суулга, халдварт шар, сальмонеллёз, криптоспиродиоз, амебын болон суулгат халдварт хүн амын дунд тархдаг нь уур амьсгалын өөрчлөлтөд шууд бусаар нөлөө үзүүлж байна. Үүнд, цэвэр усны гачигдлаас болж хувийн ариун цэврийн дэглэм алдагдаж, арьсны өвчлөлт ихсэх нь ч хамаатай юм.

Уур амьсгал өөрчлөгдөхөд хүлэмжийн хий нөлөөлдөг

Хүн төрөлхтөн хүлэмжийн хийг бууруулагч ой модныхоо үлэмж хэсгийг устгаснаас дэлхийн хуурай газрын талыг бүрхэж байсан ойгоос одоо дөнгөж дөрөвний нэг нь үлдээд байна. Модгүй болсон талбай нь өөрөө хүлэмжийн хий үйлдвэрлэгч болж хувирдаг. Устсан ойн талбайгаас ялгарч байгаа хүлэмжийн хий нь дэлхийн нийт тээврийн хэрэгслийн ялгаруулж байгаа хүлэмжийн хийнээс 4,3 хувиар их байна.

Хүлэмжийн хийг бууруулагч нь ой мод

Ой мод, өвс ургамал нь ялгаран гарч байгаа нүүрсхүчлийн хийн ихээхэн хэсгийг шингээж уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалахаас гадна агаарыг цэвэршүүлэх, усны чанар, нөөцийг сайжруулах, хөрсийг бэхжүүлэх элэгдлээс хамгаалдаг ашиг тустай юм.
Дэлхийд хамгийн их хүлэмжийн хий хаанаас ялгарч байна вэ?
Эрчим хүчний салбар, цахилгаан станцууд 25,9%
Аж үйлдвэрлэлийн салбар 19,4%
Ой модны салбар / ой мод устгах/ 17,4%
Хөдөө аж ахуй 13,5%
Тээврийн салбар 13,1%
Барилгын салбар 7,9%
Цэвэрлэх байгууламж 2,8%

ХАА-н салбараас ялгарч байгаа нийт хүлэмжийн хий 13,5 хувь байдгийн 80 хувь нь мал аж ахуйтай холбоотой ажээ. Ялангуяа метан хийний 37 хувь, нийт азотын дутуу ислийн 65 хувь нь мах үйлдвэрлэх явцад ялгардаг байна. Мал аж ахуйгаас үүдэн цөлжиж байгаа газраас гарч буй хүлэмжийн хий эрс нэмэгдэж нийт бэлчээрийн талбайн 20 хувь нь доройтолд орсон байна.

Мах үйлдвэрлэлээс гарч буй сөрөг нөлөө

Мах үйлдвэрлэлд цэвэр усны 70 хүртэлх хувийг ашигладаг. Гол мөрний сав газруудын ихэнхийг бохирдуулдаг. Дэлхийн үр тарианы 43, буурцагт ургамлын 85 хүртэлх хувийг зарцуулж байна. 2О07 оны байдлаар дэлхийн хэмжээгээр жилдээ 275 сая тонн мах үйлдвэрлэсэн. Энэ их махыг тээвэрлэх, боловсруулж бүтээгдэхүүн болгоход асар их зардал гарна. Бид махныхаа хэрэглээг багасгаж чадвал дэлхийн дулаарлыг ойрын хугацаанд 50-иас дээш хувь бууруулж чадах юм. Махан хоол их хэрэглэх нь зүрх судасны болон ходоодны өвчнөөр өвчлөх магадлалыг ихэсгэдэг. Хүн төрөлхтөн мах их хэрэглэснээс болоод байгаль дэлхийгээ их хэмжээгээр сүйтгээд зогсохгүй, бас өөрсдийнхөө эрүүл мэндийг хохироож байна. Эх дэлхийгээ аврах, эрүүл мэндээ хамгаалах, хойч үедээ амьдрах орчин үлдээхийн тулд махны хэрэглээг эрс багасгацгаая.

Манай орны хувьд уур амьсгалын
өөрчлөлт нөлөөлж буй зүйлс


Манай орны хувьд жилийн дундаж температур 2,1 хэмээр нэмэгдсэн, жилд орох тундасны хэмжээг 70 жилийн өмнөхтэй харьцуулахад долоон хувиар буурсан төдийгүй дэлхийн дулаарал, малын тоо толгойн хэт өсөлт нь тал хээрийн, ойт хээрийн, ойн, ус, нуурын, намгийн экосистемүүдийг бүхэлд нь доройтолд хүргэж, нийт ургамлын нөмрөгийн 80 гаруй хувийг талхагдалд оруулжээ.
Байгалийн өвс ургамлын тал хувь нь нь малын хөлөөр талхлагдаж, нөхөн сэргэхгүй болж зээргэнэ, бор, шаваг, агь, лууль, шарилж зэрэг зэрлэг ургамал 250-300 хавтгай дөрвөлжин километр газар нутагт ургаж байна.

Хуурайшилт байгалийн гамшгийн эх үүсвэр

Хуурайшилт, хүчтэй салхи нь ой, хээрийн түймрийг байгалийн гамшгийн хэмжээнд хүргэдэг гол шалтгаан боллоо.
Манай улсын хэмжээнд 5128 гол горхи тоологдсоноос 852 гол горхи тасарч, ширгэжээ. Монгол орны ойн 98.5 хувь нь ойн түймэрт өртөх магадлал өндөртэйд тооцогддог байна. Зөвхөн 1996 он буюу нэг жилийн дотор гэхэд 417 ойн түймэр гарчээ. Үүнээс болоод улсад 1.13 миллиард төгрөгийн хохирол учирсан байх юм.
Ойн хортон хөнөөлт шавьж нь ихэвчлэн хуурай жилүүдэд гэнэт олшрон хөнөөлийн голомт үүсгэдэг байна. Төвийн болон Хангайн бүсэд өрөөсгөл хүр эрвээхэй хэмээх том цагаан эрвээхэй 2002 оны зунаас үзэгдэж эхэлсэн.
Газарзүйн хүрээлэнгийн судалгаагаар Улаан нуур орчим 8-10 метр өндөртэй элсэн манхнууд жилд 15 метр, 5-6 метр өндөртэй манхнууд 20 метр хурдтай нүүж байгааг тогтоосон байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар
олон улсын бодлого чиг хандлага


Уур амьсгалын өөрчлөлтийн талаар дэлхий нийтээрээ уялдан зохицуулсан олон улсын түвшний бодлого боловсруулах нь огт шинэ зүйл биш юм.
Тэртээ 24 жилийн өмнө Женев хотноо 1979 онд НҮБ анхны хурлыг хуралдуулж, түүний дараа Австрийн Вена хотод1985 онд, Канадын Монтреал хотод 1987 онд олон улс түмэн хуралдан агаар мандлын озоны давхаргыг устгагч бодисыг үйлдвэрлэлээс шатлан халах арга хэмжээг хэлэлцэн тохирсон билээ.
1988 онд Канадын Торонто хотод болсон хурал дээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ахин авч хэлэлцээд дараа нь 1992 онд болсон Рио де Жанейрогийн Байгаль орчин болон хөгжлийн НҮБ-ын хурлаар мөн авч хэлэлцсэн байна. Энэхүү хурлаар олон улсын дагаж мөрдөх уур амьсгалын өөрчлөлтийн хүрээ конвенцийг байгуулж 1994 онд хүчин төгөлдөр болгосон. Уг конвенцид нэгдэн орсон 166 улс 2005-2006 он гэхэд тодорхой хэмжээгээр хүлэмжийн хийн ялгарлыг багасгах үүрэг авсан юм. Эдгээр улс гүрэн бүр өөрсдийн улсын хэмжээнд хүлэмжийн хийн тооллого хийх, авах арга хэмжээг боловсруулан үр дүнгийн талаар талуудын хуралдаанд танилцуулах үүрэг авсан байна.
1992 оны хурлын дараахан улс гүрнүүд сайн дурын үндсэн дээр өөрсдөө хүлэмжийн хийгээ багасгах үүргээ биелүүлэхгүй байгааг анзаарч, эдгээр талуудыг үүргээ биелүүлэхэд нь хяналт тавих олон улсын гэрээ хэлцлийг байгуулахаар болов. Гэхдээ хөгжингүй орнуудад тодорхой хэмжээ зааж бууруулахыг даалгахаар тохиржээ. Ингээд 1997 онд Киото хотод, дараа нь Буэнос Айрест хуралдаж хэн нь хэдэн хувиар бууруулах дээрээ тохиролцож чадалгүй, хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудын хооронд санал зөрөлдөөн гарсан юм.

Бионүүрс гэж юу вэ?

Энэ сарын турш цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын үр нөлөө хүн төрөлхтөнд хэрхэн тусах үүнээс үүдэлтэй сөрөг үр дагаварыг хэрхэн даван туулах, зөөллөх талаар ярихаар төлөвлөж байгаа билээ.
Манай өнөөдрийн сэдэв бол äэлхийн дулаарлыг зогсоох гол арга замуудын нэг гэж сүүлийн үед тооцогдох болсон Бионүүрс ба пиролиз технологийн тухай сэдэв юм.
Дэлхийн дулаарлыг зогсоохын тулд дулаарлын гол шалтгаан гэгдэж байгаа хүлэмжийн хийн агаар дахь агууламжийг бууруулах шаардлагатай юмаа гэж түрүүчийн нэвтрүүлгүүдээрээ ярьсан билээ. Мөн өнөө үед олон улсын хэмжээнд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн, хүлэмжийн хийг бууруулах үндсэн арга замуудыг товч дурдсан. Эдгээр үндсэн арга замуудын нэг нь пиролиз технологи ашиглан Бионүүрс үйлдвэрлэх явдал юм байна.

Бионүүрс гэж юу вэ?

Энэ бол хатсан ургамал, амьтны гаралтай материал тухайлбал: модлог эд, эрдэнэшишийн хаягдал, хулс, чихрийн нишингэ болон өтөг бууц ашиглан үйлдвэрлэсэн, ус агаар шингээх чадвар бүхий нүх сүвүүдтэй, сэвсгэр, нунтаг нүүрс юм. Бионүүрсийг хөрсөнд холиход хөрсний үржил шим болон бүтцийг сайжруулдаг бөгөөд хар шороотой холисон бионүүрс хөрсөнд 500-1000 гаруй жил хадгалагдан үлддэг болох нь тогтоогдсон байна.

Бионүүрсийг яаж үйлдвэрлэдэг вэ?

Бионүүрс үйлдвэрлэх ерөнхий зарчим нь биологийн гаралтай түүхий эдүүдийг хүчилтөрөгчгүй орчинд халаах аргаар бионүүрс үйлдвэрлэдэг гэнэ. Аливаа биомассыг хүчилтөрөгчгүй орчинд халаах аргыг олон улсын хэмжээнд пиролиз технологи гэж нэрлэдэг юм байна.
Энгийн хялбар технологиор бионүүрс үйлдвэрлэх үйл явц нь мод шатаан нүүрс гаргах уламжлалт аргатай нилээн төстэй боловч утаа үүсгэгч хий ба тосны алдагдлаас сэргийлэх зориулалттай металл торх гэх мэт зарим нэг тоног төхөөрөмж ашигладагаараа бага зэрэг ялгаатай юм. Эдгээр хий, тосыг бусад хэрэглээнд зарцуулах (өөр зорилгоор ашиглах) буюу нүүрс хийхэд шаардлагатай дулаан үүсгэлтэд ашиглахаар хуримтлуулдаг.
Бионүүрс ямар учраас дэлхийн дулаарлыг зогсоох гол хүчин зүйлсийн нэг байж чадах вэ?
Бионүүрсийг биологийн гаралтай хаягдал түүхий эдүүдээр, тэр дундаа ургамлын хаягдлаар үйлдвэрлэдэг. Үүнд л гол учир нь байгаа. Ургамал бол бараг тэрчигээрээ нүүрстөрөгчөөс тогтсон бүтэцтэй байдаг. Ургамал амьд байхдаа, ургаж байхдаа нүүрстөрөгчөөр амьсгалдаг гэдгийг бид мэднэ. Харин ургамал үхэхдээ задралд орж, өөртөө агуулж байсан нүүрстөрөгчийг нүүрстөрөгчийн давхар исэл буюу хүлэмжийн хий байдлаар агаарт буцааж дэгдүүлдэг. Энэ бол байгалийн жам ёсны үзэгдэл. Хэрвээ бид маш их нүүрс, бинзен хэрэглэж байгалийн жам ёсныхоос хэт их хэмжээтэй хүлэмжийн хий ялгаруулаагүй бол бидэнд заавал бионүүрс үйлдвэрлэх шаардлага гарахгүй байсан ч байж болох юм. Гэтэл өнөө үед байдал жам ёсны бус болсон, маш эгзэгтэй болсон. дэлхийн дулаарлыг хоёр градус хүргэлгүйгээр зогсоохгүй бол байгаль экологид маш ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ. Зарим бүс нутаг бүрмөсөн сүйрнэ гэж эрдэмтэд анхааруулж байгаа тухай бид өмнөх нэвтрүүлгүүдээрээ ярьсан байгаа.
Та бүхэн өмнөх нэвтрүүлгийг сонссон бол бид дэлхийн дулаарал үнэхээр явагдаж байнаа, Үүний тод жишээг мөнх цас мөс, цэвдгийн хайлалт дэлхий даяар явагдаж байгаагаас харж болноо, эх газрын орнуудад цөлжилт, хуурайшилт явагдаж, гол горхи, нуур цөөрөм ширгэж байна. Амьтад амьдрах орчингүй болж, үхэж үрэгдэж, бас нэг газраас нөгөө рүү дүрвэн нүүдэллэж байна гэх мэт үзэгдлүүдийн талаар жишээ баримттайгаар ярьсаныг санаж байгаа байхаа.
Ийм учраас агаар дахь хүлэмжийн хийн агууламжийг яаралтай бууруулахын тулд боломжит бүх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй, тэр дундаа бионүүрс үйлдвэрлэх технологийг дэмжиж дэлгэрүүлбэл энэ нь хөрсний бүтцийг сайжруулах, бас үүний зэрэгцээгээр агаарт дэгдэх магадлалтай байсан нүүрстөрөгчийг агаарт дэгдэх боломжгүй болгосноор агаар дахь нүүрстөрөгчийн агууламжийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Бионүүрсийг хэрхэн яаж ашигладаг вэ?

Бионүүрсийг хэд хэдэн зориулалтаар ашиглах боломжтой.
1. Юуны өмнө бионүүрсийг хөрсөнд хольж, хөрсний бүтцийг сайжруулснаар бүх төрлийн ургамал тарихад ашиглаж болдог. Ер нь бионүүрсийг анхдагч хэрэглээ нь энэ байсан. Одоо ч гэсэн хөрс сайжруулах чиглэлээр хэрэглэх нь илүү ашигтай гэж үзэж байгаа. Бионүүрс бол бордоо биш. Гэхдээ энэ бол хөрсний бүтцийг сайжруулж, хөрсний микро организмуудын амьдралыг тэтгэх чадвартай органик идэвхжүүлэгч юм байна. ийм учраас бионүүрсийг газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, цөлжилт болон бэлчээрийн талхагдлыг зогсооход ашиглах бүрэн боломжтой, чухал технологи юм байна.
2. Үүнээс гадна бионүүрсийг тусгай барьцалдуулагч материал ашиглан шахмал хэлбэрт оруулж, гал түлэх зориулалтаар шахмал түлш хийж болно.
3. Эсвэл маш сайн нунтаглаад өндөр технологи ашиглан, нунтаг нүүрснээс эрчим хүч гарган авдаг цахилгаан станцад хэрэглэх боломжтой.
Бионүүрс хэрэглэхэд яагаад хөрсний бүтэц сайжирч, ургамлын ургалтыг дэмждэг юм бэ?
1. Бионүүрс ус агаар шингээх чадвар бүхий нүхэрхэг, сэвсгэр шинж чанартай учраас усыг тогтоон барьж, борооны ус хөрс рүү ургамлын үндэс хүрэхээргүй хэт гүн шингэхээс сэргийлнэ. Улмаар үндэсний эргэн тойронд ус чийгийг хадгалж, ургалт, амьдрах чадварыг дэмжинэ.
2. Хөрсний хар шороон ялзмагийн бүрэлдэхүүн хэсэг болох органик карбоныг хөрсөнд нэмж, нөхөн сэргээдэг. Улмаар микро организмуудын амьдралыг тэтгэж, хөрсний бактер мөөгөнцөрүүд, хорхой шавьж өсч үржих, хөрсний ялзмаг үүсэх таатай орчин бүрдүүлдэг.
3. Хөрсний хүчиллэгийг саармагжуулдаг.
4. Бордоонуудын найрлаган дахь гол бүрэлдэхүүн хэсэг болох +ионуудыг (кальци, магни, азот, кали, натри гэх мэт) өөртөө татаж, хадгалан авч үлддэг. Ингэснээр химийн болон бусад бордоо хэрэглэх шаардлага 2 дахин буурдаг.
Бионүүрсийг хөрсөнд хэрэглэхийн давуу тал юу байх вэ?
1. Түрүүнд хэлсэнчлэн бионүүрс бол химийн бордоо биш, зүгээр л байгалийн гаралтай органик идэвхжүүлэгч учраас бионүүрсийг хөрсөнд хичнээн ч их хийлээ гэсэн ургамал амьтанд хор болдоггүй, бас бордоотой адилаар жил бүр хэрэглэхгүй л бол бороо цастай хамт урсаад алга болно гэж байдаггүй учраас бионүүрсийг хөрсөнд холисоноор химийн болон бусад бордоог харьцангуй бага хэрэглэх боломжийг олгодог давуу талтай юм байна.
2. Мөн хар шороотой холисон бионүүрс хөрсөнд 500-1000 гаруй жил хадгалагдан үлддэг болох нь тогтоогдсон учраас бионүүрс хэрэглэснээр хөрсний бүтэц байнга тогтвортойгоор сайжрах давуу талтай.

Бионүүрсний ач холбогдол

1. Бионүүрсийг хөрсөнд хольсноор газрын гүний усанд азот нэвчих явдлыг бууруулдаг. Өөрөөр хэлбэл бионүүрс нь бас ус цэвэршүүлэгч шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Ундны усыг цэвэр байлгахад зохих хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
2. Бионүүрсийг хөрсөнд хольсноор харьцангуй бага ус, бордоо хэрэглэн мод ургамал тарьж цөлжилтийг зогсоох боломжтой.
3. Ногоо тарьдаг хүмүүс ч гэсэн бионүүрсний энэ чанарыг ашиглан арай бага зардлаар ногоогоо тарьж, өмнөх жилүүдийнхтэйгээ адил хэмжээний ургац хураан авах боломжтой.
4. Хүлэмжийн хийг бууруулж, дэлхийн дулаарлыг зогсооход чухал ач холбогдолтой.

Энэ технологи хаанаас гаралтай, хэр зэрэг батлагдсан арга зам бэ? Хэн үүнийг санаачилсан бэ?

Бразилийн Амазон мөрний сав газрын дагуу амьдарч байсан уугуул нутгийн индианчууд 2000 гаруй жилийн өмнө ямар нэг аргаар бионүүрс үйлдвэрлэж үүгээрээ газар бордож байсан байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргасан. Голландын хөрс судлаач эрдэмтэн Вим Сомброек гэдэг хүн анх 1950 онд хүний гараар, хүний хөдөлмөрөөр бий болсон хар шороон хөрс буюу Terra preta soil гэдгийг Амазоны хөндийгөөс нээн илрүүлжээ. Дараагаар нь Эквадор, Перу, Бенин, Либери, Баруун Африк, Өмнөд Африкийн нутгаас мөн адил найрлага бүтэцтэй хар шороон хөрсийг нээн илрүүлсэн байна. Ер нь бол өмнөд америк болон африкийн газар нутаг нь ерөнхийдөө үржил шимгүй, улаан эсвэл шаргал эсвэл саарал хөрстэй байдаг боловч миний түрүүчийн дурдсан газруудад хэсэгхэн жаахан хар шороотой, үржил шимтэй хөрс байсан байна. Эдгээр хөрснүүдийн найрлагыг судлаад үзэхээр гол агууламж нь нүүрстөрөгч буюу нунтаг бутармал нүүрс байсан. Үүнээс үүдээд яагаад энэ үржил шимгүй цөлжсөн бүс нутагт ийм хэсэгхэн газрууд хар шороотой байна вэ? Яагаад ийм бүс нутагт байгаа цөөхөн хэдэн хар шороотой газрынх нь хөрсөнд нунтаг нүүрс байна вэ? Гэсэн асуулт урган гарсан. Ингээд олон төрлийн судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр хүний хөдөлмөрийн үр дүнд энэ хар шороо үүсэн тогтжээ. Хар шороон хөрсийг бий болгохын тулд нүүрс хольдог юм байна гэж дүгнэсэн.
Бас үүнтэй зэрэгцээд архилогичид ч гэсэн амазон мөрний сав газраас нүүрс гаргаж авахад хэрэглэсэн байж болзошгүй шатсан шавар вааран эдлэлүүдийг олсон байна.
За тэгээд, сонсогч та нар хэрвээ сонирхоод Terra preta soil гээд интернетээр хайвал энэ талаарх мэдээллийг төрөл бүрээр нь олж үзэж болох юм шүү.

Хэр зэрэг батлагдсан арга зам бэ?

Ямар ч байсан бионүүрсийг хөрсөнд хийхэд хөрсний үржил шим сайжирдаг гэдэг нь бүрэн батлагдсан. Энэ талаар олон судалгаа шинжилгээний тайлан байдаг. Хэрвээ та бүхэн www.biochar-international.org/ibimaterialsforpress.html. хаягаар ороод үзвэл бүх төрлийн мэдээллийг авах боломжтой.
Энэ аргыг дэлхийн хэмжээнд хэр зэрэг үнэлж хүлээн зөвшөөрч байгаа тухай жишээ баримтуудаас дурдвал, жишээ нь НҮБ-ын зүгээс жил бүр зохион байгуулдаг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой чуулга уулзалтын энэ жилийн хэлэлцүүлгийн нэг сэдэв нь бионүүрсийг цаг агаарын өөрчлөлтийг бууруулах, үүнд дасан зохицоход хэрэглэгдэх технологиудын нэг болгон багтаах санал юм байна.
Энэ саналыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн зүгээс 2012 онд Данийн Копенгаген хотноо явагдах НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Суурь конвенцийн хэлэлцүлэгт багтаах санал дэвшүүлсэн гэж байна.
Яагаад ингэж онцлон үзэх болов гэдэг асуултад албаны хүмүүс ингэж хариулсан байна.
НҮБЦЭК бионүүрсийг хуурай цөлөрхөг хөрсийг ургамалжуулахад хэрэглэгдэх амин чухал хэрэглэгдэхүүн гэж үзэх ёстой хэмээн тооцож байна: “Бионүүрс бол хөрсний ус болон шим тэжээлийг тогтоон хадгалахад тус дэм бүхий нунтаг, сийрэг, нүхэрхэг нүүрс бөгөөд үүнд агуулагддаг нүүрстөрөгч зуугаас мянган жилийн турш хөрсөнд хадгалагдан үлддэг билээ. Харин ихэнх цөлөрхөг газрын хөрс доройтолд орсон байдаг нь баримтаар нотлогдсон. Одоогийн байдлаар доройтолд орсон хөрсийг нүүрстөрөгчөөр хангах боломжгүй бөгөөд нөгөө талаар, ийм хөрсний нүүрстөрөгч шингээх чадавхи өндөр байх магадлалтай...
Малтмал шатахуун хэрэглэснээр үүсэх энергийг орлуулахын тулд бионүүрснээс гарах энергийг дайвар бүтээгдэхүүн байдлаар ашигласнаар зөвхөн бионүүрс дангаараа агаар мандал дахь нүүрстөрөгчийг барагцаалбал хоёр дахин бууруулах боломжтой.
Бионүүрс үйлдвэрлэхэд ашиглагддаг пиролизын системүүд олон давуу талтай.
Бионүүрс хөрсний органик карбон болон үржил шимийг хадгалдаг, хөдөө аж ахуйн хог хаягдлыг багасгадаг, мөн сэргээгдэх цэвэр эрчим хүч нийлүүлдэг. Ердийн биомассаас гарган авсан энерги хөрсний нөхөн сэргэх ургацын үлдэгдэл өрсөлддөг, харин бионүүрс хоёулантай нь нийцэж зохицдог.
стратегийн тухайд бионүүрсийн анхаарч үзэх чухал шаардлагатай” гэх мэтээр энэ саналдаа тайлбарласан байсан гэнэ.
ОУБНС-ын Гүйцэтгэх захирал Дебби Рийд: “НҮБЦЭК-ын дэвшүүлсэн энэ санал бол томоохон дэвшил бөгөөд үүнтэй зэрэгцэн бионүүрстэй холбоотой маш олон эерэг шийдвэрүүд болон ашиг сонирхол олон улсын төлөөлөгчдийн дунд болон энэ үйл явцыг ажиглагчидын дунд гарч байна” гэж онцлон тэмдэглэв. НҮБЦЭК нь бионүүрс бол нүүрстөрөгчийг хөрсөнд хадгалахад зохижтойг харуулах хосгүй боломж гэж үзсэн.
НҮБЦЭК бионүүрсийг Цэвэр Хөгжлийн Механизмын нэг хэсэгт багтаах саналыг болон мөн бионүүрсийг байнгын карбон шингээгч гэж үзэх хууль дүрмүүдээ нягтлан шалгахыг саналыг тусгасан. НҮБЦЭК карбоны нөхөн олговрын хууль дүрмүүд засаж сайжруулснаар хөгжиж байгаа орнуудад хөрсний органик материйг бионүүрсний тусламжтайгаар ихэсгэхэд туслах санхүүгийн урсгалыг бий болгоно гэж үзсэн.

Олон улсын Бионүүрсний Санаачлага байгууллагын тухай

Олон улсын Бионүүрсний Санаачлага бол олон улсын түвшинд бионүүрсний талаар судалгаа хийх, сурталчлах, мэдээлэл солилцох, худалдаанд нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг дэмжихийн төлөө үйлчилдэг ашгийн төлөө бус байгууллага юм.
ОУБНС-д оролцогчид нь бионүүрсэн бүтээгдэхүүний тогтвортой хөгжлийг хангах, нүүрстөрөгчийг агаарт дэгдүүлэлгүй, газрын хөрсөнд булж, хөрс сайжруулах бионүүрсний энэхүү хэрэглээний тогтолцоог өргөжүүлэн дэмжих сонирхолтой судлаачид, бизнесийн нэгжүүд, бодлого боловсруулагчид, хөгжлийн агентлагууд, цэцэрлэгч, фермерүүд болон бусад байгууллагууд юм.
www.biochar-international.org
манай оронд бионүүрстэй холбоотой ямар нэг арга хэмжээ, ажил төсөл явагдаж байгаа юу?

Олон Улсын Бионүүрсний Санаачлага
Байгууллагын Есөн Орны Төсөл


Хөгжиж буй орнуудад бионүүрс үйлдвэрлэлийг өргөнөөр дэлгэрүүлэх үр дүнтэй арга замыг үнэлж дүгнэн, цаашид хөгжүүлэхийн тулд Олон Улсын Бионүүрсний Санаачлага Байгууллагаас бионүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг хөгжиж буй орнуудад хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн гол зорилгууд нь:
• Бионүүрс болон пиролиз технологийг айл өрх, тосгон суурины түвшинд дэлгэрүүлэх. Үүнд бионүүрсний зуух болон бага оврын үйлдвэрийн нэгж хамаарагдана.
• Бионүүрсний зуух болон бионүүрсний бага оврын үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээмжийг үнэлж дүгнэх диаграмм, төлөвлөгөө боловсруулах
• Бионүүрсний чанарыг шинжлэх, хянан шалгаж, хүлээн авах, үйлдвэрлэлийг өргөжүүлэх үйл явц
• Бионүүрсийг үйлдвэрлэж, хөрсөнд хэрэглэснээс гарах ашиг тус, өртөг зардлыг байгаль орчин, эдийн засаг, нийгмийн болон соёлын салбар тус бүрээр нь үнэлэх аргачлалыг боловсруулах
Олон Улсын Бионүүрсний Санаачлагынхан уг төсөл дээр хамтран ажиллахаар 9 орныг сонгож аваад байна. Үүнд: Белиз, Камерун, Чили, Коста Рика, Египет, Энэтхэг, Кени, Монгол, Вьетнам улс сонгогдсон.

Монголд бионүүрстэй холбоотой ямар
ажил явуулахаар төлөвлөсөн бэ?


1. Бионүүрс болон пиролиз технологийг дэлгэрүүлэхийн тулд монголын нөхцөлд тохирсон бионүүрсний зуух болон бага оврын бионүүрсний үйлдвэр байгуулах.
2. Мөн дундаж болон дунджаас доогуур орлоготой малчид, ногоо тарьдаг хүмүүс, ойн ажилчидын нөхөрлөл болон хувь хүмүүст бионүүрсний талраах сургалт явуулах
3. Улмаар суралцагчдынхаа үйлдвэрлэсэн бионүүрсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэн хөрс сайжруулах, дэлхийн дулааралтай тэмцэх,
4. Ингээд эцэст нь төслийн сүүлийн шат нь бионүүрс үйлдвэрлэгч хувь хүмүүс болон нөхөрлөлийн нэгжүүдийн карбон кредитийг цуглуулаад, карбоны нөхөн олговорын арилжаанд хамтарсан хоршоолол байгуулан оролцох гэсэн үндсэн зорилго чиглэлтэй ажлыг санаачилсан байна.
Энэ төслийг монгол талаас Хүн Төвтөй Байгаль Хамгаалал, Монголын Фермер Эмэгтэйчүүдийн Холбоо, Ирвэс Хамгаалах Сан, Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургууль хамтран явуулахаар төлөвлөж байна. Гадаадын байгууллагаас Олон улсын Бионүүрсний санаачлага ТББ, Америкийн Хавайд бүртгэлтэй Мү И гэдэг ТББ хамтран ажиллахаар тохиролцсон байгаа. Энэ талаар дараа дараагийн нэвтрүүлгүүдээр бас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж бодож байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.
Karl Frogner at pattamo_kop@yahoo.com or Lkhamdulam at lkham5@yahoo.com.
Олон Улсын Бионүүрсний Санаачлага олон улсын байгууллага. www.biochar-international.org.