Монголчуудаа!


Монгол хэмээх их айлын маань хоймор луу халдлага болоход ойрхон байна. Ерөнхий сайд С.Баяр энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр 26 дугаар захирамжаараа Тусгай хамгаалттай газар нутагт (ТХГН) ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах эрх зүйн орчныг судлах ажлын хэсгийг байгууллаа. Түүгээр ч үл барам шаардлагатай бол хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүргийг ажлын хэсэгтээ өглөө. Энэ бол хэн бүхний сэтгэл түгшээсэн шийдвэр юм. Учир нь хүн төрөлхтний анхдагч хэрэгцээ болсон агаар, ус юунаас ч илүү үнэтэй. Тийм ч учраас Ерөнхий сайдын захирамжид сэтгэл зовнисон олон улсын болоод монголын
• Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)
• Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг(GTZ)
• Дэлхийн Банк
• Дэлхийн Байгаль Хамгаалах Сан(WWF),
• Зэрлэг Амьтан Хамгаалах Нийгэмлэг(WCS)
• Шинэ Зеландын Байгалийн Хүрээлэн байгууллагууд экосистемийн тэнцвэрийг хадгалах, хангахад хамгийн чухал үүрэгтэй усны нөөц, ой мод бүхий Улсын Тусгай Хамгаалалттай Газар нутгийн үнэ цэнийг хэлэлцлээ. Уг хэлэлцүүлгийн бичлэгүүдийг манай блог руу орж сонирхоорой. Санал сэтгэгдлээ доор бичиж үлдээгээрэй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шиг та бүхэнтэйгээ хэлэлцэж хамтдаа дүгнэлт хийж төр засгийн шийдвэрт нөлөөлмөөр байна. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг уриалж байна. Бид эх орныхоо хоймор луу дайрах дээрээ тулсан юм гэж үү.

Та саналаа бичиж үлдээнэ үү.
Бид та бүхнийхээ саналыг сонсмоор байна.
Хүн Төвтэй Байгаль Хамгаалал ТББ

Манай улсын усны нөөц


Манай улсын нийт усны 30% нь гүний ус, 70 % нь гадаргын ус байдаг. Усны нөөцөө хэрхэн ашигладаг талаарх судалгаанаас харвал гүний усныхаа 80 хувь, гадаргын усныхаа 20 хувийг өдөр тутмынхаа хэрэглээнд ашигладаг байна.
Усыг ашиглаж байгаа зориулалтаар нь ангилбал:
• Ундны буюу хоол хүнсний хэрэглээндээ 30%
• Аж үйлдвэрийн зориулалттайгаар 34%
• Малын усалгаанд 27%
• Хөдөө аж ахуйн буюу таримал тариаландаа 6%
• Бусад хэрэглээнд 3 хувийг хэрэглэдэг юм байна.
Ундны усны эх үүсвэр:
• Төвлөрсөн усан хангамжын системээс 30.8%
• Усны худалдаа 24.6%
• Зөөврийн худаг 35.5%
• Гадаргын ус буюу хайлсан цас мөс, гол мөрөн 9.1% áàéíà.

Усыг дээдэлж хамгаалах уламжлалт аргаас


Зан үйл, ёс заншил гэдэг нь тухайн ард түмний амьдрах орчны онцлог хэв заншил, ертөнцийг үзэх үзлийнх нь илрэл байдаг билээ.
Уламжилалт зан заншлуудын дотор газар дэлхий, тэнгэр лус, ан амьтан, ус булаг зэрэгтэй харьцах зан үйлийг эртнээс хийж ирсэн. Эцэг дээдэс маань шашны зан үйл хийгээд ардын уламжлалт арга ухаанаар байгаль хамгаалах боловсролыг олгож иржээ.
Олон тахилга үйлдэж байснаас газар усыг шашин номын ёсоор тахих ёслол өргөн байдаг. Ингэж газар орон лус савдагаа тахиж хүндэтгэл үзүүлвэл аж амьдрал өөдлөн дэвжиж эвтэй найртай байна хэмээн сургаж ирсэн. Тахилгад гарсан лус савдгийнхаа оршсон уул ус, орон нутагт янз бүрийн улайны үйлийг үйлдэж үл болох бөгөөд ялангуяа содон зүстэй ан амьтан, буга согоо, янзага, аргаль янгир, дээрээ шүдтэй тарвага, цагаан тарвага, галт хар үнэг, могой мөн амьтны манлай сорыг алж хядах, гал тавин түймэрдэж хорхой шавж, ургамал шатаах, жигүүртэн амьтад болох, тас, бүргэд, хун, галуу, ангир, хон хэрээ, ёл зэрэг шувууд амьтдыг хөнөөж хорловол лус савдаг хилэгнэн түүний эхнэр нөхөр, эцэг эх, төрөл саданг амь нас, ажил үйлсэд аюул учруулан доройтуулдаг гэж сургадаг. Тахилгатай холбоотойгоор овоо тахисны дараа овооны орчимд буй нуур цөөрмийн загас жараахайг барихыг цээрлэнэ. Энэ нь овооны сахиус хилэгнэхээс сэрэмжилж байгаа юм гэж захидаг.
• Аршаан булгийг лусын эзний өргөө, ундаа гэж үзэж хөндөхийг цээрлэх
• Аршааны загас жараахай, хорхой шавьжийг хөнөөхийг хориглох
• Аршаан булгийн дээд талд юмуу саахалт айлаас дотогш гэр майхан барьж болохгүй
• Аршаан булаг, голын ойролцоо “Морь хардаггүй”
• Голын усруу сүү цагаа оруулдаггүй
• Сүүтэй шанагаар уснаас хутгадаггүй.
• Голын уснаас гараар самарч уудаггүй. Аягаар хутгаж ууна.
• Тогтмол усанд биеэ, хувцасаа угаахыг цээрлэх
• Ус гатлахдаа мориноос бууж уснаас нь духандаа хүргэн адис аваад гатлах зэрэг эртний зан заншлын ариун нандин зүйлс, домог түүх олон бий.
Булаг шандыг хамгаалах, буртаглахгүй байх талаар хуульчлан заасан нь ч тэмдэглэгдэн үлджээ.
“Газрын шим өвс ургамал, ой цэцэрлэг, булаг шанд, мөрөн гол, эрдэнийн уурхай тэргүүтэн бүгдээр усны тэжээгдэлд харгалзана. Усны тэжээгдэл нь их далайд харгалзах бөгөөд далай тэнгис, булаг ус, мөрөн гол тэр бүгд лусын эрхэнд байх болой. Эдгээр ч лусын их хаадын буян мөн” хэмээн сударт өгүүлсэн байдаг. Иймд домогт өгүүлсэнчлэн лус хэмээгдэгч эгэл нүднээ үл үзэгдэгч амьтан нь нуур далай, горхи булаг, мөрөн голд оршдог ажээ.
Лусын буулт, буцалттай үеэр улай гаргах, хүдрийн заар авах зэргийг тэвчих учиртай. Алив бус зүйл үл үйлдвээс лусын хорлолд үл өртөнө. Лусын буулт, буцалт тохиосон өдөр уул ус, ургамал амьтныг хайрлан хамгаалбаас лус баясдаг тул тийнхүү баясгагчийг лус ивээн ээлтэй ханддаг.
Мөн хаврын урсгал усыг түүхий ус гэдэг бөгөөд усанд орон биеэ угаахыг хориглодог. Зун шар цэцэг гүйцсэний дараа юм уу, намар усанд ордог. Намрын усыг болсон ус гэдэг. Худаг, булаг шандаас ус асгаж цутгахгүй, цэмцгэрхэн авна. Худгаас малаа зайдуухан зогсоож онгоцгоор юм уу сав суулгаар усалдаг байжээ.

Байгалаа хамгаалахад таны оролцоо яг одоо хэрэгтэй.


Маш энгийн. Яг одоо хэрэгжүүлж эхэлцгээе.

1. Мод тарьцгаая

Орчноо тохижуулан мод тарих ажлыг өөрөө өөрөөсөө эхэлцгээе. Та гэрийн цонхныхоо өмнө мод,бут тариарай. Үр хүүхэд тань тарьсан модыг услан арчилж байгаль эхтэй харилцан сурах болно.Бусдыг бас энэ үйл хэрэгтэй уриалан дуудаарай.
2. Шүдээ угаахдаа усаа хэмнэе
Та зөвхөн шүдээ угаахдаа 5 литр ус зарцуулдаг гээд боддоо. Хүн өдөрт 2.5 литр ус ууж биеийнхээ шингэнг тэнцвэржүүлдэг байхад дэмий асгасан ус тань хоёр өдрийн хэрэгцээтэй чинь тэнцэж байна. Нэг литр ус нэг төгрөг гэж бодоод гучин хоногтоо үржүүлбэл нилээн хэдэн төгрөг болно. Тэгэхээр, та энэ үргүй зардлаа хэмнэхийн тулд шүдээ угааж байх зууртаа дэмий гоожуулж байгаа усаа хаачих. Ингээд л асуудал шийдэгдчихнэ.
3. Дэлгүүр явахдаа даавуун болон олон дахин ашиглагдах тор, уутыг хэрэглэцгээе
Даавуун уут хэрэглэх нь маш зөв сонголт. Учир нь та нэг удаа худалдан аваад дахин дахин хэрэглэх боломжтой. Энэ нь бат бөх, мөнгө хэмнэдэг бас шинэ үеийн хүний амьдралын хэв маяг.
4. Голд машин болон хивс угаахгүй байх
Энэ нь байгаль орчныг ихээр бохирдуулдаг төдийгүй эргээд хүнд маш сөрөг нөлөөтэй юм байна. Хөндлөнгийн хүн харахад ч эвгүй байдаг шүү дээ.
5. Буудалласан газраа цэвэрлэх
Ажилд дарагдсан хүндхэн өдрүүдийн дараа дотны хүмүүстэйгээ агаарт гарах нь маш сайхан амралт болдог шүү дээ. Хээр хөдөө гарч байгальд зочлоход таатай байдаг боловч та буудалласан газартаа хог хаягдал орхихгүй байх нь маш чухал. Хогоо сайхан цэвэрлээд яваарай.
6. Ойд гал гаргахгүй байх
Ойд гал асаах нь ихээхэн эрсдлийг агуулж байдаг. Ямар нэг байдлаар гал асаахаар болбол болгоомжтой хандан, унтарсан эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.
7. Сонгуульд нэр дэвшигчийн байгаль орчины төлөө хийж байгаа ажлыг харгалзан үзэх
Та өөрийн төлөөлөл болгон төр түшилцэх иргэнийг сонгохдоо мөрийн хөтөлбөрөөс нь байгаль хамгаалах болон түүнтэй холбоотой хийх ажлыг нягтлан үзээрэй. Учир нь бидэнд сагсны шийд, гараж барихаас илүүтэй амьдрах орчин маань эрүүл энх байх нь чухал гэдэгтээ та санаа нийлэх биз ээ.
8. Олон нийтийн газар болон ойд тамхи татахгүй байх
Энэ нь маш их аюултай. Тамхины утаа орчныг бохирдуулан цаашилбал, гал алдсан тохиолдолд байгаль орчин, олон нийтэд нөхөж баршгүй хохирол учруулж, таныг эрүүгийн хариуцлагад татах болно. Хэрвээ, та тамхи татдаг бол зөвхөн зөвшөөрсөн газарт татах хэрэгтэй.
9. Байгаль хамгаалах талаар мэдлэгээ дээшлүүлэх
Маш зугаатай ажил. Яагаад гэвэл хүн бүхэн өөртөө ойр байгаль орчноо сайхан байлгахыг хүсдэг. Тэгэхээр, та мэдээллийн аль ч хэрэгслийг ашиглаж болно. Жишээ нь: Байгаль хамгааллын талаарх ном, гарын авлага худалдан авах.
10. Хүүхдэд багаас нь байгалиа хамгаалах талаар зааж сургах
Хүүхдийг багаас байгальд ээлтэй болгож хүмүүжүүлэх нь их чухал ажээ. Учир нь багадаа сурсан зүйл хүний насан туршийн зан төлөвт шингэж үлддэг гэсэн шинжлэх ухааны нотолгоо байдаг юм байна. Энэ мөчөөс эхлээд хүүхэдтэйгээ тавхан минут байгаль хамгаалал, зөв хэрэглээ, хүлэмжийн хий, хог, хаягдал хоол, эрчим хүчний зарцуулалт, амьдрах орчноо хэрхэн хамгаалах талаар ярилцаарай. Ингэснээр тэдэнд маргааш тулгарч болзошгүй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдлэг олгож байгаа хэрэг. Таны бэлтгэсэн боловсролтой иргэн хүрээлэн буй орчноо илүү ихээр хайрлан хамгаалах нь эргэлзээгүй.
11. Хамт олон хөршөөрөө нэгдэж орчноо сайхан болгоцгооё
Амьдарч байгаа орчноо нэг харья. Хөрштэйгээ, хамт олонтойгоо хэн нэгэнтэй хамтраад амьдардаг орчноо сайхан болгох боломж бидэнд маш олон байна. Хамтраад мод тарья, хамтраад цэвэрлэгээ хийе, хамтраад замаа засья, хамтраад байгаль орчноо сайхан болгохын төлөө тэмцье.
12. Жорлонгийн ус гоожоод байвал хурдан засья
Дуслыг хураавал далай гэж монголчууд ярьдаг. Усыг дэмий гоожуулах нь эдийн засгийн асар их алдагдал үүсгэдэг. Тэгэхээр, та жорлонгийнхоо эвдэрсэн хэсгийг засуулснаар мөнгөө хэмнэхээс гадна доод айл руугаа ус алдахаас сэргийлэх болно.
13. Хотын захиргаанд саналаа хэлээрэй
Та өглөө гэрээсээ гараад өөрийн явж буй замаа ажиглаад нэг хараарай. Замын хашлагаас алхам хүрэхгүй зайнаас явган хүний шороонд дарагдсан нарийхан зурвас эхэлж байгаа. Энэ бол та бидэнд зориулсан ЗАМ. Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэд, хүүхэд залуучууд дугуйтай явбал зөрж бараг л багтахгүй. Дээр нь тоос шороо, хог новшиндоо дарагдчихсан. Ийм замыг туулж буй гутал хөөрхий. Тоос бужигнасан агаараар амьсгалж байгаа уушги бүр л хэцүү байдалд байгаа байх. Танд энэ бүхэн огтхон ч тааламжтай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингэхээр, та өөрийн болон бусдынхаа эрх ашгийн төлөө Үндсэн хуулиар дархлагдсан эрх буюу эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ эдлэн хотын захирагчийн албанд асуудал дэвшүүлэн, шийдвэрлүүлэхийг бодогтун. Энэ нь таны тав тухтай аюулгүй байдал, эрүүл амьдрах, байгаль орчноо хамгаалах их үйлсийн тань нэг болно гэдэгт итгээрэй.
14. Зажилсан бохио хаа дуртай газраа хаяхгүй байх
Ил задгай хаясан бохь хувцсанд наалдаж муухай болгодог. Мөн бохь гялгар ууттай адил байгальд шингэтлээ маш их уддаг ажээ. Тэгэхээр та жижиг гэлтгүй бохио ч бас хогийн саванд хийж дадаарай.
15. Сайжруулсан зуух хэмнэлттэй түлш хэрэглэе
Та дулаан хадгалдаг сайжруулсан зуух хэрэглээд үзээрэй. Үнэхээр өөр. Бас тэр зуухандаа хэмнэлттэй түлш хэрэглээрэй. Энэ нь хорт утааг багасгана, өрхийн эдийн засагт хэмнэлттэй.
16. Хаалга цонхоо дулаалаарай
Мөнгө зарцуулж олж авсан дулааныхаа 20-30 хувийг та зөвхөн хаалга цонхоороо гаргаад явуулчихдаг байна. Хэрэв хаалга цонхоо сайн дулаалах юмуу чанартайгаар соливол та дулааны хэмнэлттэй амьдарч байгальд ээлтэй байгаа хэрэг болно.
17. Хүүхдээ гудамжинд чихрийн цаасаа хаяхгүй болгон хүмүүжүүлээрэй
Та хүүхдээ багаас нь зөв хүмүүжүүлбэл хүүхэд өсч том болон нийгэмшихэд чухал нөлөөтэй. Идсэн чихрийн цаасаа ил задгай хаях нь соёлгүй хэрэг гэдгийг ойлгуулж, түүний амьдралд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, байгаль орчноо хамгаалах зэрэг сэтгэхүйг суулгаж өгч байгаа хэрэг юм.
18. Гудамжинд бие засахгүй байх
Энэ нь хамгийн бүдүүлэг хэрэг юм. Хэрвээ та гудамжинд бие засч байгаа бол өөрийгөө хамгийн эхээр гутаан доромжилж байгааг ойлгоорой. Мөн та агаар бохирдуулан, хотын соёлыг гутааж байна. Хамгийн анхаарууштай нь та бохир буюу шээстэй агаараараа амьсгалж байна шүү дээ.
19. Гудамжинд шүлсээ хаяхгүй байх
Таны хажууд явж байгаа хэн нэгэн шүлсээ хаячихлаа гээд та төсөөл дөө. Маш муухай харагдаж байгаа биз. Хэрвээ, та бас ингэдэг бол даруйхан уг зуршлаасаа салах хэрэгтэй. Шүлс болон түүгээр бохирдсон агаараар 300 гаруй халдварт өвчин тархдаг гэсэн олон улсын судалгаа байдаг юм байна. Та өөрөө болон дотны хүмүүсээ болзошгүй аюулаас хамгаалахын тулд шүлсээ гудамж талбайд хаяхаа больж, ийм үйлдэл хийж байгаа хүнд шаардлага тавих хэрэгтэй.
20. Түр хугацаанд зогсохдоо машиныхаа хөдөлгүүрийг унтраах
Таныг зорьсон газартаа хүрэхээр явахад нэлээдгүй олон удаа замын бөглөрөө таарч байгаа биз. Ингэж ойр ойрхон зогсох нь машины эд ангид муу төдийгүй шатахуун их зарцуулан агаарыг ихээр бохирдуулдаг байна. Хэдийгээр, танд түгжрээг арилгах арга тэр болгон олдохгүй боловч машин болон агаарыг хамгаалах арга байна. Та машины хөдөлгүүрээ унтраачих!
21. Угаалгын бодисуудыг аль болох бага хэрэглэхийг хичээх
Хэдийгээр угаалгын бодисоор угаасан зүйлс өнгөлөг, гоё үнэртэй байдаг хэдий ч химийн бодис учир хүний биед хортой. Мөн тийм ч хямдхан байдаггүй. Та тохируулан хэрэглээрэй.
22. Усны цорго чинь цоорсон бол шинээр тавих
Цоорсон цоргыг хурдан солих хэрэгтэй. Энэ нь усыг ихээр гоожуулдаг төдийгүй гоожсон ус нь тосгуурыг тань зэвтэй усаар шарлуулдаг байна. Та цоргоо засварлах боломжгүй бол зориулалтын жийргэвчээр ороон түр аргалж болох л юм.
23. Цахилгаан бага зарцуулдаг сүүн шил хэрэглэх
Энэ нь үнэхээр ухаалаг хэрэглээ. Сүүн шил нь цахилгаан бага зарцуулдаг төдийгүй хямдхан, удаан хэрэглэгддэг.
24. Хогоо ил задгай хаяхгүй байх
Та өөрийн хэрэглэсэн зүйлээс гарсан хог хаягдлыг зориулалтын саванд нь хийж заншаарай. Энэ нь ариун цэврийн хувьд маш чухал төдийгүй, байгаль орчныг цэвэр цэмцгэр байлгахад оруулж буй таны томоохон хувь нэмэр юм.
25. Нөхөдтэйгөө хамт явах
Тантай зам нийлэх хүн байвал түүнтэй хамт явж болох юм. Тус тусдаа машин хэрэглэснээс нэг машинд явах нь шатахуун түлш хэмнэж, утааг багасгах төдийгүй эдийн засгийн хэмнэлт ч гарах болно.
26. Угаадсаа гудамжинд битгий асгаарай
Өвөлд хальтаргаа гулгаа үүсгэн хөл гарыг тань хугалах шахдаг зүйл бол яах аргагүй УГААДАС. Түүний хөрсөнд шингэсэн бохир агаараар амьсгалан өөрийгөө хордуулж байна. Тэгэхээр, та хатуу шингэн хийн төлөвт оршдог ус буюу УГААДСЫГ ил задгай газарт битгий цацаарай.
27. Ургаж буй мод бутаа хайрлан хамгаалья
Хэн нэгэн мунхаг хүн таны ойр орчинд мод гэмтээн эвдлэн сүйтгэж байвал та заавал зогсоогоорой. Энэ нь таны байгаль орчноо хайрлан хамгаалж буйн илрэл бөгөөд та булаг шанд ширгэхээс сэргийлэн агаарыг бохирдлоос хамгаалж, байгалийг унаган төрхөөр нь хадгалахад маш том хувь нэмэр оруулж буй хэрэг юм.
28. Түлшний хэмнэлттэй машин худалдан авах
Түлш хэмнэж эдийн засгийн зардлыг багасган байгаль орчныг хорт утаагаар бохирдуулахаас сэргийлэн жижиг оврын шатахуун бага хэрэглэдэг машин хэрэглэцгээе.
29. Хадаг
Машинаараа суун хөдөө гарахаар хөдлөнгүүт замын дагуух шонд уясан, овоон дээр хийсгэсэн хадгийг хараад та юу боддог вэ? Надад бол тааламжтай санагддаггүй. Учир юу гэвэл ёс төртэй, бидний хүндэтгэн биширч байдаг зүйл шүү дээ. ХАДАГ. Түүнийг тоосонд даруулан салхинд хийсгэх нь яавч зохимжгүи. Бурхан шашнаа хүндэтгэж, буян хүслээ шингээн, амь юугаа даатган, байгаль эхээ хайрлаж буйгаа илэрхийлж байдаг боловч хадаг хэмээх эдийн буяныг гомдоож байгаа мэт.
30. Овоог хогийн цэг болгохоо больё
Овоон дээр хог хаях нь байгаль эхээ бузарлаж байгаа хэрэг яах аргагүй мөн. Энэ нь бараг л энгийн байдал болсон мэт. Та сүсэг бишрэлээ шингээн залбирдаг газраа хог хаягдал бүү хаяарай. Та залбирч мөргөснөөсөө ч илүү их буян үйлдэх болно.
31. Гялгар уут, хаймар түлэхийг зогсооё
Энэ нь агаарыг асар ихээр бохирдуулан уушгийг хордуулдаг ажээ. Тэгэхээр, та ийм үйлдэл хийхээс зайлшгүй байсан ч татгалзах нь зүйтэй.
32. Алхаж явах аминд тустай
Алхах нь эрүүл мэндэд тустай төдийгүй байгаль орчинтойгоо танилцах маш их боломжийг нээдэг. Ингэхээр та завтай үедээ алхаж байгаарай.
33. Машины тосыг хөрсөнд бүү шингээ
Ингэснээр та хөрсийг бохирдуулахын зэрэгцээ түүнд ууршсан хийгээр амьсгалан хордох аюултай.
34. Салхин сэнс, нарны толь ашиглая
Зөвхөн хөдөө орон нутгийн иргэд үүнийг хэрэглэдэг гэж хүмүүс ойлгодог боловч энэ нь овор хэмжээний хувьд авсаархан бөгөөд мөнгөний их хэмнэлттэй ажээ.
35. Ховор амьтны арьсаар хийсэн хувцас өмсөхөө зогсооё
Амьтны арьсаар хийсэн хүрэм өмсөөд явах нь орчин үед үеэ өнгөрөөж байна. Энэ нь таны мэдлэг хэр нэмгэн, хэр дорой байгаагийн л илэрхийлэл болж хоцрох нь.
36. Зөвшөөрөлгүй ан агнаж мод огтлохыг тэвчье
Энэ бол яах аргагүй хууль зөрчсөн, ахархан бодолтой хүний увайгүй үйлдэл. Иймд ямар нэгэн зүйлийг мэдвэл зохих газарт нь мэдэгдэж, нийтээрээ тэмцье.
37. Шүршүүрт түргэн орох
Хэрвээ та шүршүүрт удаан ордог бол хэдхэн минут зарцуулах хэрэгтэй. Тэгснээр, та ус хэмнэхээс гадна мөн усыг халааж байгаа эрчим хүчийг хэмнэн төлбөр тооцоо ч багасах болно. Түүнчлэн та эрч хүчээ хэмнэх боломжтой.
38. Гарын алчуурыг сальфетик болон цаасны оронд хэрэглэх
Нэг удаагийн хэрэглээний зүйлийг ашигласнаас дахин хэрэглэгдэх зүйлийг хэрэглэх нь байгаль орчинд илүү зохимжтой байдаг. Энэ нь цаас хийхэд хэрэглэгдэх модыг хэмнэн түүнийг хийх хүч хөдөлмөрийг хөнгөвчилнө. Ингэж, их хүч хөдөлмөр гаргаж хийгээд хог болох нь харамсалтай.
39. Өнөөдөр хэвлэхгүй байвал
“Хувилах” товчлуурыг дарахаасаа өмнө энэ материал зайлшгүй шаардлагатай юу гэдгийг өөрөөсөө лавлан асуу. Үүний оронд электрон шуудангаар илгээж болно шүү дээ. Түүнийг өөрийн компьютерт хадгал. Цаасан дээр бичсэнээс компьютераасаа уншвал ямар байна? Зарим үед цаасаа хэмнэж байвал зүгээр. Хэрэв нэг талдаа хэвлэлттэй хэрэггүй хэвлэгдсэн цаас байгаа бол нөгөө хэсгийг нь албан бус зүйл хэвлэхдээ ашиглаж байгаарай. Ингэснээр жилд нэг тонн гаруй цаасыг хэмнэх болно.
40. Гэрэл болон зурагтаа хэрэглээгүй үедээ унтраая
Хэсэг зуур ч гэсэн өрөөнөөсөө гарахдаа гэрлээ заавал унтраагаарай. Энэ нь хэрэггүй юм шиг боловч эрчим хүчийг ихээр хэмнэж байгаа юм. Цахилгаан үүсгүүртэй зүйлсийг хэрэглээгүй тохиолдолд унтрааж байх нь ашигтай.
41. Ахин цэнэглэдэг зай хэрэглээрэй
Нэг удаагийн зай аваад дандаа хаяж байхаар цэнэглэдэг зай авбал танд ашигтай. Жаахан үнэтэй ч гэсэн удаан хэрэглэнэ шүү дээ.
42. Дугуйгаа хийлэх
Хүмүүс машиныхаа дугуйн хийг гарсныг мэддэггүй. Тэгэхээр та дугуйгаа байнга шалгаж байгаарай. Үүнд хэдхэн л минут зарцуулагдана. Ингэснээр та шатахууны хэрэглээгээ багасган дугуйгаа удаан хэрэглэх боломжтой. Мөн дугуйг элэгдэхээс хамгаална.
43. Байгаль орчны талаарх үйл ажиллагаанд нэгдэх
Та байгаль орчны талаар ажил хийдэг санаа сэддэг холбоодтой нэгдээд үзээрэй. Энэ нь танд байгаль орчноо хамгаалах талаар бодол санааг бий болгоно. Одооноос эхлээд хэн хаана ямар сайхан зүйл хийгээд байна сонирхоцгооё.
44. Цахилгаан бараа худалдан авахдаа эрчим хүчинд хэмнэлттэйг сонгох
Хэдийгээр эрчим хүчинд хэмнэлттэй бараа нь жирийн цахилгаан бараанаас бага зэрэг үнэтэй боловч эрчим хүчний ихээхэн хэмнэлттэй байдаг ажээ. Таны цахилгааны мөнгө багасна гэдэгт итгэж болно.
45. Угаалгын машиныг аль болох цөөн ашиглах
Угаалгын машинаар хувцсаа угааснаар таны ажил хөнгөрөх боловч эрчим хүч их зарцуулагдан, эцсийн үр дүнд тооцоо тань чамгүй гарах болно. Мөн хувцасны эдэлгээ ч богиносдог. Цаг завтай үедээ гараараа угаалга хийж хөлсөө гаргах нь таныг жин нэмэхээс сэргийлэх зэрэг олон талын ашигтай.
46. Хог дахин боловсруулах төв нээх
Энэ нь маш зөв арга гэж дүгнэж болно. Учир нь уг төвийг нээснээр олон хүн ажилтай болох төдийгүй орчныг бохирдлоос аврах болно.
47. Салаа замаа багасгацгаая
Хөдөө орон нутгийн зам хэдэн салааг хэлэхэд хэцүү. Үүнийг хараад таны толгой эргэж гүйцдэг гэдэгт итгэж байна. Үүний хамгийн сөрөг нөлөө нь хөрсийг сүйтгэж байгаа хэрэг. Тийм учраас та байгаа замаараа яван дахин зам бүү гаргаарай.
48. Гол ус булаг шандаа бохирдуулахгүй байх
Монголчууд эртнээс ус бохирдуулахыг цээрлэж ирсэн. Энэ нь хамгийн чухал хэрэгцээ болох усаа хамгаалах нэгэн төрлийн арга байжээ. Ус бохирдсоноос амьд амьтан, байгаль орчин бохирдох сөрөг нөлөөтэй. Та усыг аль болох цэвэр байлгахыг хичээгээрэй.
49.Модон жорлонгоо сайжруулья
Хаана ч бай хүний орчин ариун цэврийн өндөр түвшинд байх шаардлагатай. Нөгөөтэйгүүр тухайн улс орны хөгжлийг тодорхойлох үзүүүлэлт болдог ажээ. Бид хэрэглэж ирсэн модон жорлонгоо ч бас Эко жорлон болгож болно.
Энэ тухай судлаарай. Эко сан жорлон хийдэг Германы Техникийн Хамтын Ажиллагааны төсөл байдаг юм байна лээ.
50. Байгалиа хамгаалж амьдарч буй орчноо сайхан болгох талаар та саналаа харамгүй бичээрэй. Саналаа бичсэн танд баярлалаа.

“Хүсээгүй дуу чимээ” хүнд төдийгүй байгаль орчинд ч муугаар нөлөөлдөг

Галт тэрэг, зам, онгоц, үйлдвэрээс гарч байгаа дуу чимээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “хүсээгүй дуу чимээ” гэж тодорхойлж байна.

Энэхүү хүсээгүй дуу чимээ нь хүний эрүүл мэндэд төдийгүй байгаль орчинд ч муугаар нөлөөлдөг гэнэ. Гэхдээ л дуу чимээний бохирдлын талаар тогтсон тодорхойлолт байхгүйгээс энэ асуудал ихээхэн маргаан тарьсаар байна. Ихэнх дуу чимээ, тухайлбал галт тэрэг, онгоц, машин, мотоцикл, тэр ч бүү хэл сурталчилгааны дуу хүртэл хүн, амьтанд саад болж сонсгол, зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлж стресст оруулах төдийгүй оюун ухаанд муугаар нөлөөлдөг ажээ.

Дуу чимээний бохирдлын талаар хэн юу хийв?

Энэ талаар европын холбоо нэлээд анхаарлаа хандуулж дүрэм журам боловсруулан ажиллаж байна. Тухайлбал, Европын холбооны гишүүн улс бүр 2002 онд баталсан журмын дагуу таван жил тутамд зам, төмөр зам, онгоц, үйлдвэрийн ойролцоох хот суурин газрын дуу чимээг хэмжиж үүнтэй холбоотой бодлого боловсруулах болжээ. Дуу чимээг багасгасан шинэ технологийг 2012 оноос үндэсний болон бүсийн хэмжээнд гаргана. Гэвч одоогийн байдлаар улс орон болгон өөр өөрийн байдлаар дуу чимээг хэмжиж байгаагаас харьцуулах боломжгүй болж, нэгдсэн нэг л арга õэрэглэхээр ажиллаж эхэлжээ. Европод ойролцоогоор 30 сая хүн дуу чимээний аюултай нөхцөлд ажилладаг ба 80 сая хүн 65 DBA (дицбэл)-аас өндөр дуу чимээтэй буюу хүн унтаж чадахгүй, унтахад нь саад болдог орчинд амьдардаг. Харин дэлхий даяар ойролцоогоор 500 сая хүн дуу чимээ ихтэй аюултай хүнд нөхцөлд амьдардаг байна.

Зөвөлгөө:
Зарим оронд машины дугуй үйлдвэрлэх, зам гүүр барихдаа дуу чимээ бага гаргах материал хэрэглэж байхад зарим нь гибрид буюу дуу бага гаргадаг машин ашиглах болжээ.
Дуу чимээ нь 120-130 дицбелд хүрэхээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бөгөөд 75 дицбелд 8 цаг ажиллах бол чихэвч зүүж эхлэх хэрэгтэй болдог байна. Замын хөдөлгөөний дүрэмд орой 22 öàãàà ºã뺺íèé çóðãààí öàãèéí хооронд хот дотор дуут дохио дуугаргахыг хориглодог юм.

Дэлхийн болон Монгол орны уур амьсгалын дулаарал

Монгол бол уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их орж байгаа улс орнуудын нэг билээ. Цаг уурын дулаарал, өөрчлөлтөд хүн бүр анхаарлаа хандуулах болоод байна. Учир нь ганц нэг хүн, улс гүрэн энэ асуудлыг дангаараа шийдэх боломжгүй юм. Дэлхийн агаарын хэм сүүлийн 100 жилд 0.7 орчим хэмээр дулаарчээ. Манай орны хувьд өнгөрсөн 68 жилд ялангуяа өвлийн улиралд дунджаар 2 орчим хэмээр дулаарсан байна.
Уур амьсгалын өөрчлөлтөт цаг уурын гэнэтийн үзэгдлүүд буюу шуурга, үер, ган гачиг, хар салхи ихсэх, элсний нүүдэл эрчимжих болон хүн амын өвчлөл, нас баралт нэмэгдэх нь шууд нөлөөлдөг байна.

Тэгвэл хүнсний хангамж, хүрэлцээ багасах, шавьжаар дамждаг халдварт өвчнүүд, тухайлбал халуун хумаа, денгийн цусархаг халуурал, хачигт энцефалит зэрэг нь шууд бусаар нөлөөлдөг ажээ. Мөн үерийн улмаас усны эх үүсвэр нян, вирус, шимэгчээр бохирдож, урвах тахал, цусан суулга, халдварт шар, сальмонеллёз, криптоспиродиоз, амебын болон суулгат халдварт хүн амын дунд тархдаг нь уур амьсгалын өөрчлөлтөд шууд бусаар нөлөө үзүүлж байна. Үүнд, цэвэр усны гачигдлаас болж хувийн ариун цэврийн дэглэм алдагдаж, арьсны өвчлөлт ихсэх нь ч хамаатай юм.

Уур амьсгал өөрчлөгдөхөд хүлэмжийн хий нөлөөлдөг

Хүн төрөлхтөн хүлэмжийн хийг бууруулагч ой модныхоо үлэмж хэсгийг устгаснаас дэлхийн хуурай газрын талыг бүрхэж байсан ойгоос одоо дөнгөж дөрөвний нэг нь үлдээд байна. Модгүй болсон талбай нь өөрөө хүлэмжийн хий үйлдвэрлэгч болж хувирдаг. Устсан ойн талбайгаас ялгарч байгаа хүлэмжийн хий нь дэлхийн нийт тээврийн хэрэгслийн ялгаруулж байгаа хүлэмжийн хийнээс 4,3 хувиар их байна.

Хүлэмжийн хийг бууруулагч нь ой мод

Ой мод, өвс ургамал нь ялгаран гарч байгаа нүүрсхүчлийн хийн ихээхэн хэсгийг шингээж уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалахаас гадна агаарыг цэвэршүүлэх, усны чанар, нөөцийг сайжруулах, хөрсийг бэхжүүлэх элэгдлээс хамгаалдаг ашиг тустай юм.
Дэлхийд хамгийн их хүлэмжийн хий хаанаас ялгарч байна вэ?
Эрчим хүчний салбар, цахилгаан станцууд 25,9%
Аж үйлдвэрлэлийн салбар 19,4%
Ой модны салбар / ой мод устгах/ 17,4%
Хөдөө аж ахуй 13,5%
Тээврийн салбар 13,1%
Барилгын салбар 7,9%
Цэвэрлэх байгууламж 2,8%

ХАА-н салбараас ялгарч байгаа нийт хүлэмжийн хий 13,5 хувь байдгийн 80 хувь нь мал аж ахуйтай холбоотой ажээ. Ялангуяа метан хийний 37 хувь, нийт азотын дутуу ислийн 65 хувь нь мах үйлдвэрлэх явцад ялгардаг байна. Мал аж ахуйгаас үүдэн цөлжиж байгаа газраас гарч буй хүлэмжийн хий эрс нэмэгдэж нийт бэлчээрийн талбайн 20 хувь нь доройтолд орсон байна.

Мах үйлдвэрлэлээс гарч буй сөрөг нөлөө

Мах үйлдвэрлэлд цэвэр усны 70 хүртэлх хувийг ашигладаг. Гол мөрний сав газруудын ихэнхийг бохирдуулдаг. Дэлхийн үр тарианы 43, буурцагт ургамлын 85 хүртэлх хувийг зарцуулж байна. 2О07 оны байдлаар дэлхийн хэмжээгээр жилдээ 275 сая тонн мах үйлдвэрлэсэн. Энэ их махыг тээвэрлэх, боловсруулж бүтээгдэхүүн болгоход асар их зардал гарна. Бид махныхаа хэрэглээг багасгаж чадвал дэлхийн дулаарлыг ойрын хугацаанд 50-иас дээш хувь бууруулж чадах юм. Махан хоол их хэрэглэх нь зүрх судасны болон ходоодны өвчнөөр өвчлөх магадлалыг ихэсгэдэг. Хүн төрөлхтөн мах их хэрэглэснээс болоод байгаль дэлхийгээ их хэмжээгээр сүйтгээд зогсохгүй, бас өөрсдийнхөө эрүүл мэндийг хохироож байна. Эх дэлхийгээ аврах, эрүүл мэндээ хамгаалах, хойч үедээ амьдрах орчин үлдээхийн тулд махны хэрэглээг эрс багасгацгаая.

Манай орны хувьд уур амьсгалын
өөрчлөлт нөлөөлж буй зүйлс


Манай орны хувьд жилийн дундаж температур 2,1 хэмээр нэмэгдсэн, жилд орох тундасны хэмжээг 70 жилийн өмнөхтэй харьцуулахад долоон хувиар буурсан төдийгүй дэлхийн дулаарал, малын тоо толгойн хэт өсөлт нь тал хээрийн, ойт хээрийн, ойн, ус, нуурын, намгийн экосистемүүдийг бүхэлд нь доройтолд хүргэж, нийт ургамлын нөмрөгийн 80 гаруй хувийг талхагдалд оруулжээ.
Байгалийн өвс ургамлын тал хувь нь нь малын хөлөөр талхлагдаж, нөхөн сэргэхгүй болж зээргэнэ, бор, шаваг, агь, лууль, шарилж зэрэг зэрлэг ургамал 250-300 хавтгай дөрвөлжин километр газар нутагт ургаж байна.

Хуурайшилт байгалийн гамшгийн эх үүсвэр

Хуурайшилт, хүчтэй салхи нь ой, хээрийн түймрийг байгалийн гамшгийн хэмжээнд хүргэдэг гол шалтгаан боллоо.
Манай улсын хэмжээнд 5128 гол горхи тоологдсоноос 852 гол горхи тасарч, ширгэжээ. Монгол орны ойн 98.5 хувь нь ойн түймэрт өртөх магадлал өндөртэйд тооцогддог байна. Зөвхөн 1996 он буюу нэг жилийн дотор гэхэд 417 ойн түймэр гарчээ. Үүнээс болоод улсад 1.13 миллиард төгрөгийн хохирол учирсан байх юм.
Ойн хортон хөнөөлт шавьж нь ихэвчлэн хуурай жилүүдэд гэнэт олшрон хөнөөлийн голомт үүсгэдэг байна. Төвийн болон Хангайн бүсэд өрөөсгөл хүр эрвээхэй хэмээх том цагаан эрвээхэй 2002 оны зунаас үзэгдэж эхэлсэн.
Газарзүйн хүрээлэнгийн судалгаагаар Улаан нуур орчим 8-10 метр өндөртэй элсэн манхнууд жилд 15 метр, 5-6 метр өндөртэй манхнууд 20 метр хурдтай нүүж байгааг тогтоосон байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар
олон улсын бодлого чиг хандлага


Уур амьсгалын өөрчлөлтийн талаар дэлхий нийтээрээ уялдан зохицуулсан олон улсын түвшний бодлого боловсруулах нь огт шинэ зүйл биш юм.
Тэртээ 24 жилийн өмнө Женев хотноо 1979 онд НҮБ анхны хурлыг хуралдуулж, түүний дараа Австрийн Вена хотод1985 онд, Канадын Монтреал хотод 1987 онд олон улс түмэн хуралдан агаар мандлын озоны давхаргыг устгагч бодисыг үйлдвэрлэлээс шатлан халах арга хэмжээг хэлэлцэн тохирсон билээ.
1988 онд Канадын Торонто хотод болсон хурал дээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ахин авч хэлэлцээд дараа нь 1992 онд болсон Рио де Жанейрогийн Байгаль орчин болон хөгжлийн НҮБ-ын хурлаар мөн авч хэлэлцсэн байна. Энэхүү хурлаар олон улсын дагаж мөрдөх уур амьсгалын өөрчлөлтийн хүрээ конвенцийг байгуулж 1994 онд хүчин төгөлдөр болгосон. Уг конвенцид нэгдэн орсон 166 улс 2005-2006 он гэхэд тодорхой хэмжээгээр хүлэмжийн хийн ялгарлыг багасгах үүрэг авсан юм. Эдгээр улс гүрэн бүр өөрсдийн улсын хэмжээнд хүлэмжийн хийн тооллого хийх, авах арга хэмжээг боловсруулан үр дүнгийн талаар талуудын хуралдаанд танилцуулах үүрэг авсан байна.
1992 оны хурлын дараахан улс гүрнүүд сайн дурын үндсэн дээр өөрсдөө хүлэмжийн хийгээ багасгах үүргээ биелүүлэхгүй байгааг анзаарч, эдгээр талуудыг үүргээ биелүүлэхэд нь хяналт тавих олон улсын гэрээ хэлцлийг байгуулахаар болов. Гэхдээ хөгжингүй орнуудад тодорхой хэмжээ зааж бууруулахыг даалгахаар тохиржээ. Ингээд 1997 онд Киото хотод, дараа нь Буэнос Айрест хуралдаж хэн нь хэдэн хувиар бууруулах дээрээ тохиролцож чадалгүй, хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудын хооронд санал зөрөлдөөн гарсан юм.

Бионүүрс гэж юу вэ?

Энэ сарын турш цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын үр нөлөө хүн төрөлхтөнд хэрхэн тусах үүнээс үүдэлтэй сөрөг үр дагаварыг хэрхэн даван туулах, зөөллөх талаар ярихаар төлөвлөж байгаа билээ.
Манай өнөөдрийн сэдэв бол äэлхийн дулаарлыг зогсоох гол арга замуудын нэг гэж сүүлийн үед тооцогдох болсон Бионүүрс ба пиролиз технологийн тухай сэдэв юм.
Дэлхийн дулаарлыг зогсоохын тулд дулаарлын гол шалтгаан гэгдэж байгаа хүлэмжийн хийн агаар дахь агууламжийг бууруулах шаардлагатай юмаа гэж түрүүчийн нэвтрүүлгүүдээрээ ярьсан билээ. Мөн өнөө үед олон улсын хэмжээнд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн, хүлэмжийн хийг бууруулах үндсэн арга замуудыг товч дурдсан. Эдгээр үндсэн арга замуудын нэг нь пиролиз технологи ашиглан Бионүүрс үйлдвэрлэх явдал юм байна.

Бионүүрс гэж юу вэ?

Энэ бол хатсан ургамал, амьтны гаралтай материал тухайлбал: модлог эд, эрдэнэшишийн хаягдал, хулс, чихрийн нишингэ болон өтөг бууц ашиглан үйлдвэрлэсэн, ус агаар шингээх чадвар бүхий нүх сүвүүдтэй, сэвсгэр, нунтаг нүүрс юм. Бионүүрсийг хөрсөнд холиход хөрсний үржил шим болон бүтцийг сайжруулдаг бөгөөд хар шороотой холисон бионүүрс хөрсөнд 500-1000 гаруй жил хадгалагдан үлддэг болох нь тогтоогдсон байна.

Бионүүрсийг яаж үйлдвэрлэдэг вэ?

Бионүүрс үйлдвэрлэх ерөнхий зарчим нь биологийн гаралтай түүхий эдүүдийг хүчилтөрөгчгүй орчинд халаах аргаар бионүүрс үйлдвэрлэдэг гэнэ. Аливаа биомассыг хүчилтөрөгчгүй орчинд халаах аргыг олон улсын хэмжээнд пиролиз технологи гэж нэрлэдэг юм байна.
Энгийн хялбар технологиор бионүүрс үйлдвэрлэх үйл явц нь мод шатаан нүүрс гаргах уламжлалт аргатай нилээн төстэй боловч утаа үүсгэгч хий ба тосны алдагдлаас сэргийлэх зориулалттай металл торх гэх мэт зарим нэг тоног төхөөрөмж ашигладагаараа бага зэрэг ялгаатай юм. Эдгээр хий, тосыг бусад хэрэглээнд зарцуулах (өөр зорилгоор ашиглах) буюу нүүрс хийхэд шаардлагатай дулаан үүсгэлтэд ашиглахаар хуримтлуулдаг.
Бионүүрс ямар учраас дэлхийн дулаарлыг зогсоох гол хүчин зүйлсийн нэг байж чадах вэ?
Бионүүрсийг биологийн гаралтай хаягдал түүхий эдүүдээр, тэр дундаа ургамлын хаягдлаар үйлдвэрлэдэг. Үүнд л гол учир нь байгаа. Ургамал бол бараг тэрчигээрээ нүүрстөрөгчөөс тогтсон бүтэцтэй байдаг. Ургамал амьд байхдаа, ургаж байхдаа нүүрстөрөгчөөр амьсгалдаг гэдгийг бид мэднэ. Харин ургамал үхэхдээ задралд орж, өөртөө агуулж байсан нүүрстөрөгчийг нүүрстөрөгчийн давхар исэл буюу хүлэмжийн хий байдлаар агаарт буцааж дэгдүүлдэг. Энэ бол байгалийн жам ёсны үзэгдэл. Хэрвээ бид маш их нүүрс, бинзен хэрэглэж байгалийн жам ёсныхоос хэт их хэмжээтэй хүлэмжийн хий ялгаруулаагүй бол бидэнд заавал бионүүрс үйлдвэрлэх шаардлага гарахгүй байсан ч байж болох юм. Гэтэл өнөө үед байдал жам ёсны бус болсон, маш эгзэгтэй болсон. дэлхийн дулаарлыг хоёр градус хүргэлгүйгээр зогсоохгүй бол байгаль экологид маш ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ. Зарим бүс нутаг бүрмөсөн сүйрнэ гэж эрдэмтэд анхааруулж байгаа тухай бид өмнөх нэвтрүүлгүүдээрээ ярьсан байгаа.
Та бүхэн өмнөх нэвтрүүлгийг сонссон бол бид дэлхийн дулаарал үнэхээр явагдаж байнаа, Үүний тод жишээг мөнх цас мөс, цэвдгийн хайлалт дэлхий даяар явагдаж байгаагаас харж болноо, эх газрын орнуудад цөлжилт, хуурайшилт явагдаж, гол горхи, нуур цөөрөм ширгэж байна. Амьтад амьдрах орчингүй болж, үхэж үрэгдэж, бас нэг газраас нөгөө рүү дүрвэн нүүдэллэж байна гэх мэт үзэгдлүүдийн талаар жишээ баримттайгаар ярьсаныг санаж байгаа байхаа.
Ийм учраас агаар дахь хүлэмжийн хийн агууламжийг яаралтай бууруулахын тулд боломжит бүх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй, тэр дундаа бионүүрс үйлдвэрлэх технологийг дэмжиж дэлгэрүүлбэл энэ нь хөрсний бүтцийг сайжруулах, бас үүний зэрэгцээгээр агаарт дэгдэх магадлалтай байсан нүүрстөрөгчийг агаарт дэгдэх боломжгүй болгосноор агаар дахь нүүрстөрөгчийн агууламжийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Бионүүрсийг хэрхэн яаж ашигладаг вэ?

Бионүүрсийг хэд хэдэн зориулалтаар ашиглах боломжтой.
1. Юуны өмнө бионүүрсийг хөрсөнд хольж, хөрсний бүтцийг сайжруулснаар бүх төрлийн ургамал тарихад ашиглаж болдог. Ер нь бионүүрсийг анхдагч хэрэглээ нь энэ байсан. Одоо ч гэсэн хөрс сайжруулах чиглэлээр хэрэглэх нь илүү ашигтай гэж үзэж байгаа. Бионүүрс бол бордоо биш. Гэхдээ энэ бол хөрсний бүтцийг сайжруулж, хөрсний микро организмуудын амьдралыг тэтгэх чадвартай органик идэвхжүүлэгч юм байна. ийм учраас бионүүрсийг газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, цөлжилт болон бэлчээрийн талхагдлыг зогсооход ашиглах бүрэн боломжтой, чухал технологи юм байна.
2. Үүнээс гадна бионүүрсийг тусгай барьцалдуулагч материал ашиглан шахмал хэлбэрт оруулж, гал түлэх зориулалтаар шахмал түлш хийж болно.
3. Эсвэл маш сайн нунтаглаад өндөр технологи ашиглан, нунтаг нүүрснээс эрчим хүч гарган авдаг цахилгаан станцад хэрэглэх боломжтой.
Бионүүрс хэрэглэхэд яагаад хөрсний бүтэц сайжирч, ургамлын ургалтыг дэмждэг юм бэ?
1. Бионүүрс ус агаар шингээх чадвар бүхий нүхэрхэг, сэвсгэр шинж чанартай учраас усыг тогтоон барьж, борооны ус хөрс рүү ургамлын үндэс хүрэхээргүй хэт гүн шингэхээс сэргийлнэ. Улмаар үндэсний эргэн тойронд ус чийгийг хадгалж, ургалт, амьдрах чадварыг дэмжинэ.
2. Хөрсний хар шороон ялзмагийн бүрэлдэхүүн хэсэг болох органик карбоныг хөрсөнд нэмж, нөхөн сэргээдэг. Улмаар микро организмуудын амьдралыг тэтгэж, хөрсний бактер мөөгөнцөрүүд, хорхой шавьж өсч үржих, хөрсний ялзмаг үүсэх таатай орчин бүрдүүлдэг.
3. Хөрсний хүчиллэгийг саармагжуулдаг.
4. Бордоонуудын найрлаган дахь гол бүрэлдэхүүн хэсэг болох +ионуудыг (кальци, магни, азот, кали, натри гэх мэт) өөртөө татаж, хадгалан авч үлддэг. Ингэснээр химийн болон бусад бордоо хэрэглэх шаардлага 2 дахин буурдаг.
Бионүүрсийг хөрсөнд хэрэглэхийн давуу тал юу байх вэ?
1. Түрүүнд хэлсэнчлэн бионүүрс бол химийн бордоо биш, зүгээр л байгалийн гаралтай органик идэвхжүүлэгч учраас бионүүрсийг хөрсөнд хичнээн ч их хийлээ гэсэн ургамал амьтанд хор болдоггүй, бас бордоотой адилаар жил бүр хэрэглэхгүй л бол бороо цастай хамт урсаад алга болно гэж байдаггүй учраас бионүүрсийг хөрсөнд холисоноор химийн болон бусад бордоог харьцангуй бага хэрэглэх боломжийг олгодог давуу талтай юм байна.
2. Мөн хар шороотой холисон бионүүрс хөрсөнд 500-1000 гаруй жил хадгалагдан үлддэг болох нь тогтоогдсон учраас бионүүрс хэрэглэснээр хөрсний бүтэц байнга тогтвортойгоор сайжрах давуу талтай.

Бионүүрсний ач холбогдол

1. Бионүүрсийг хөрсөнд хольсноор газрын гүний усанд азот нэвчих явдлыг бууруулдаг. Өөрөөр хэлбэл бионүүрс нь бас ус цэвэршүүлэгч шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Ундны усыг цэвэр байлгахад зохих хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
2. Бионүүрсийг хөрсөнд хольсноор харьцангуй бага ус, бордоо хэрэглэн мод ургамал тарьж цөлжилтийг зогсоох боломжтой.
3. Ногоо тарьдаг хүмүүс ч гэсэн бионүүрсний энэ чанарыг ашиглан арай бага зардлаар ногоогоо тарьж, өмнөх жилүүдийнхтэйгээ адил хэмжээний ургац хураан авах боломжтой.
4. Хүлэмжийн хийг бууруулж, дэлхийн дулаарлыг зогсооход чухал ач холбогдолтой.

Энэ технологи хаанаас гаралтай, хэр зэрэг батлагдсан арга зам бэ? Хэн үүнийг санаачилсан бэ?

Бразилийн Амазон мөрний сав газрын дагуу амьдарч байсан уугуул нутгийн индианчууд 2000 гаруй жилийн өмнө ямар нэг аргаар бионүүрс үйлдвэрлэж үүгээрээ газар бордож байсан байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргасан. Голландын хөрс судлаач эрдэмтэн Вим Сомброек гэдэг хүн анх 1950 онд хүний гараар, хүний хөдөлмөрөөр бий болсон хар шороон хөрс буюу Terra preta soil гэдгийг Амазоны хөндийгөөс нээн илрүүлжээ. Дараагаар нь Эквадор, Перу, Бенин, Либери, Баруун Африк, Өмнөд Африкийн нутгаас мөн адил найрлага бүтэцтэй хар шороон хөрсийг нээн илрүүлсэн байна. Ер нь бол өмнөд америк болон африкийн газар нутаг нь ерөнхийдөө үржил шимгүй, улаан эсвэл шаргал эсвэл саарал хөрстэй байдаг боловч миний түрүүчийн дурдсан газруудад хэсэгхэн жаахан хар шороотой, үржил шимтэй хөрс байсан байна. Эдгээр хөрснүүдийн найрлагыг судлаад үзэхээр гол агууламж нь нүүрстөрөгч буюу нунтаг бутармал нүүрс байсан. Үүнээс үүдээд яагаад энэ үржил шимгүй цөлжсөн бүс нутагт ийм хэсэгхэн газрууд хар шороотой байна вэ? Яагаад ийм бүс нутагт байгаа цөөхөн хэдэн хар шороотой газрынх нь хөрсөнд нунтаг нүүрс байна вэ? Гэсэн асуулт урган гарсан. Ингээд олон төрлийн судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр хүний хөдөлмөрийн үр дүнд энэ хар шороо үүсэн тогтжээ. Хар шороон хөрсийг бий болгохын тулд нүүрс хольдог юм байна гэж дүгнэсэн.
Бас үүнтэй зэрэгцээд архилогичид ч гэсэн амазон мөрний сав газраас нүүрс гаргаж авахад хэрэглэсэн байж болзошгүй шатсан шавар вааран эдлэлүүдийг олсон байна.
За тэгээд, сонсогч та нар хэрвээ сонирхоод Terra preta soil гээд интернетээр хайвал энэ талаарх мэдээллийг төрөл бүрээр нь олж үзэж болох юм шүү.

Хэр зэрэг батлагдсан арга зам бэ?

Ямар ч байсан бионүүрсийг хөрсөнд хийхэд хөрсний үржил шим сайжирдаг гэдэг нь бүрэн батлагдсан. Энэ талаар олон судалгаа шинжилгээний тайлан байдаг. Хэрвээ та бүхэн www.biochar-international.org/ibimaterialsforpress.html. хаягаар ороод үзвэл бүх төрлийн мэдээллийг авах боломжтой.
Энэ аргыг дэлхийн хэмжээнд хэр зэрэг үнэлж хүлээн зөвшөөрч байгаа тухай жишээ баримтуудаас дурдвал, жишээ нь НҮБ-ын зүгээс жил бүр зохион байгуулдаг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой чуулга уулзалтын энэ жилийн хэлэлцүүлгийн нэг сэдэв нь бионүүрсийг цаг агаарын өөрчлөлтийг бууруулах, үүнд дасан зохицоход хэрэглэгдэх технологиудын нэг болгон багтаах санал юм байна.
Энэ саналыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн зүгээс 2012 онд Данийн Копенгаген хотноо явагдах НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Суурь конвенцийн хэлэлцүлэгт багтаах санал дэвшүүлсэн гэж байна.
Яагаад ингэж онцлон үзэх болов гэдэг асуултад албаны хүмүүс ингэж хариулсан байна.
НҮБЦЭК бионүүрсийг хуурай цөлөрхөг хөрсийг ургамалжуулахад хэрэглэгдэх амин чухал хэрэглэгдэхүүн гэж үзэх ёстой хэмээн тооцож байна: “Бионүүрс бол хөрсний ус болон шим тэжээлийг тогтоон хадгалахад тус дэм бүхий нунтаг, сийрэг, нүхэрхэг нүүрс бөгөөд үүнд агуулагддаг нүүрстөрөгч зуугаас мянган жилийн турш хөрсөнд хадгалагдан үлддэг билээ. Харин ихэнх цөлөрхөг газрын хөрс доройтолд орсон байдаг нь баримтаар нотлогдсон. Одоогийн байдлаар доройтолд орсон хөрсийг нүүрстөрөгчөөр хангах боломжгүй бөгөөд нөгөө талаар, ийм хөрсний нүүрстөрөгч шингээх чадавхи өндөр байх магадлалтай...
Малтмал шатахуун хэрэглэснээр үүсэх энергийг орлуулахын тулд бионүүрснээс гарах энергийг дайвар бүтээгдэхүүн байдлаар ашигласнаар зөвхөн бионүүрс дангаараа агаар мандал дахь нүүрстөрөгчийг барагцаалбал хоёр дахин бууруулах боломжтой.
Бионүүрс үйлдвэрлэхэд ашиглагддаг пиролизын системүүд олон давуу талтай.
Бионүүрс хөрсний органик карбон болон үржил шимийг хадгалдаг, хөдөө аж ахуйн хог хаягдлыг багасгадаг, мөн сэргээгдэх цэвэр эрчим хүч нийлүүлдэг. Ердийн биомассаас гарган авсан энерги хөрсний нөхөн сэргэх ургацын үлдэгдэл өрсөлддөг, харин бионүүрс хоёулантай нь нийцэж зохицдог.
стратегийн тухайд бионүүрсийн анхаарч үзэх чухал шаардлагатай” гэх мэтээр энэ саналдаа тайлбарласан байсан гэнэ.
ОУБНС-ын Гүйцэтгэх захирал Дебби Рийд: “НҮБЦЭК-ын дэвшүүлсэн энэ санал бол томоохон дэвшил бөгөөд үүнтэй зэрэгцэн бионүүрстэй холбоотой маш олон эерэг шийдвэрүүд болон ашиг сонирхол олон улсын төлөөлөгчдийн дунд болон энэ үйл явцыг ажиглагчидын дунд гарч байна” гэж онцлон тэмдэглэв. НҮБЦЭК нь бионүүрс бол нүүрстөрөгчийг хөрсөнд хадгалахад зохижтойг харуулах хосгүй боломж гэж үзсэн.
НҮБЦЭК бионүүрсийг Цэвэр Хөгжлийн Механизмын нэг хэсэгт багтаах саналыг болон мөн бионүүрсийг байнгын карбон шингээгч гэж үзэх хууль дүрмүүдээ нягтлан шалгахыг саналыг тусгасан. НҮБЦЭК карбоны нөхөн олговрын хууль дүрмүүд засаж сайжруулснаар хөгжиж байгаа орнуудад хөрсний органик материйг бионүүрсний тусламжтайгаар ихэсгэхэд туслах санхүүгийн урсгалыг бий болгоно гэж үзсэн.

Олон улсын Бионүүрсний Санаачлага байгууллагын тухай

Олон улсын Бионүүрсний Санаачлага бол олон улсын түвшинд бионүүрсний талаар судалгаа хийх, сурталчлах, мэдээлэл солилцох, худалдаанд нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг дэмжихийн төлөө үйлчилдэг ашгийн төлөө бус байгууллага юм.
ОУБНС-д оролцогчид нь бионүүрсэн бүтээгдэхүүний тогтвортой хөгжлийг хангах, нүүрстөрөгчийг агаарт дэгдүүлэлгүй, газрын хөрсөнд булж, хөрс сайжруулах бионүүрсний энэхүү хэрэглээний тогтолцоог өргөжүүлэн дэмжих сонирхолтой судлаачид, бизнесийн нэгжүүд, бодлого боловсруулагчид, хөгжлийн агентлагууд, цэцэрлэгч, фермерүүд болон бусад байгууллагууд юм.
www.biochar-international.org
манай оронд бионүүрстэй холбоотой ямар нэг арга хэмжээ, ажил төсөл явагдаж байгаа юу?

Олон Улсын Бионүүрсний Санаачлага
Байгууллагын Есөн Орны Төсөл


Хөгжиж буй орнуудад бионүүрс үйлдвэрлэлийг өргөнөөр дэлгэрүүлэх үр дүнтэй арга замыг үнэлж дүгнэн, цаашид хөгжүүлэхийн тулд Олон Улсын Бионүүрсний Санаачлага Байгууллагаас бионүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг хөгжиж буй орнуудад хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн гол зорилгууд нь:
• Бионүүрс болон пиролиз технологийг айл өрх, тосгон суурины түвшинд дэлгэрүүлэх. Үүнд бионүүрсний зуух болон бага оврын үйлдвэрийн нэгж хамаарагдана.
• Бионүүрсний зуух болон бионүүрсний бага оврын үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээмжийг үнэлж дүгнэх диаграмм, төлөвлөгөө боловсруулах
• Бионүүрсний чанарыг шинжлэх, хянан шалгаж, хүлээн авах, үйлдвэрлэлийг өргөжүүлэх үйл явц
• Бионүүрсийг үйлдвэрлэж, хөрсөнд хэрэглэснээс гарах ашиг тус, өртөг зардлыг байгаль орчин, эдийн засаг, нийгмийн болон соёлын салбар тус бүрээр нь үнэлэх аргачлалыг боловсруулах
Олон Улсын Бионүүрсний Санаачлагынхан уг төсөл дээр хамтран ажиллахаар 9 орныг сонгож аваад байна. Үүнд: Белиз, Камерун, Чили, Коста Рика, Египет, Энэтхэг, Кени, Монгол, Вьетнам улс сонгогдсон.

Монголд бионүүрстэй холбоотой ямар
ажил явуулахаар төлөвлөсөн бэ?


1. Бионүүрс болон пиролиз технологийг дэлгэрүүлэхийн тулд монголын нөхцөлд тохирсон бионүүрсний зуух болон бага оврын бионүүрсний үйлдвэр байгуулах.
2. Мөн дундаж болон дунджаас доогуур орлоготой малчид, ногоо тарьдаг хүмүүс, ойн ажилчидын нөхөрлөл болон хувь хүмүүст бионүүрсний талраах сургалт явуулах
3. Улмаар суралцагчдынхаа үйлдвэрлэсэн бионүүрсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэн хөрс сайжруулах, дэлхийн дулааралтай тэмцэх,
4. Ингээд эцэст нь төслийн сүүлийн шат нь бионүүрс үйлдвэрлэгч хувь хүмүүс болон нөхөрлөлийн нэгжүүдийн карбон кредитийг цуглуулаад, карбоны нөхөн олговорын арилжаанд хамтарсан хоршоолол байгуулан оролцох гэсэн үндсэн зорилго чиглэлтэй ажлыг санаачилсан байна.
Энэ төслийг монгол талаас Хүн Төвтөй Байгаль Хамгаалал, Монголын Фермер Эмэгтэйчүүдийн Холбоо, Ирвэс Хамгаалах Сан, Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургууль хамтран явуулахаар төлөвлөж байна. Гадаадын байгууллагаас Олон улсын Бионүүрсний санаачлага ТББ, Америкийн Хавайд бүртгэлтэй Мү И гэдэг ТББ хамтран ажиллахаар тохиролцсон байгаа. Энэ талаар дараа дараагийн нэвтрүүлгүүдээр бас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж бодож байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.
Karl Frogner at pattamo_kop@yahoo.com or Lkhamdulam at lkham5@yahoo.com.
Олон Улсын Бионүүрсний Санаачлага олон улсын байгууллага. www.biochar-international.org.