Дэлхийн болон Монгол орны уур амьсгалын дулаарал

Монгол бол уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их орж байгаа улс орнуудын нэг билээ. Цаг уурын дулаарал, өөрчлөлтөд хүн бүр анхаарлаа хандуулах болоод байна. Учир нь ганц нэг хүн, улс гүрэн энэ асуудлыг дангаараа шийдэх боломжгүй юм. Дэлхийн агаарын хэм сүүлийн 100 жилд 0.7 орчим хэмээр дулаарчээ. Манай орны хувьд өнгөрсөн 68 жилд ялангуяа өвлийн улиралд дунджаар 2 орчим хэмээр дулаарсан байна.
Уур амьсгалын өөрчлөлтөт цаг уурын гэнэтийн үзэгдлүүд буюу шуурга, үер, ган гачиг, хар салхи ихсэх, элсний нүүдэл эрчимжих болон хүн амын өвчлөл, нас баралт нэмэгдэх нь шууд нөлөөлдөг байна.

Тэгвэл хүнсний хангамж, хүрэлцээ багасах, шавьжаар дамждаг халдварт өвчнүүд, тухайлбал халуун хумаа, денгийн цусархаг халуурал, хачигт энцефалит зэрэг нь шууд бусаар нөлөөлдөг ажээ. Мөн үерийн улмаас усны эх үүсвэр нян, вирус, шимэгчээр бохирдож, урвах тахал, цусан суулга, халдварт шар, сальмонеллёз, криптоспиродиоз, амебын болон суулгат халдварт хүн амын дунд тархдаг нь уур амьсгалын өөрчлөлтөд шууд бусаар нөлөө үзүүлж байна. Үүнд, цэвэр усны гачигдлаас болж хувийн ариун цэврийн дэглэм алдагдаж, арьсны өвчлөлт ихсэх нь ч хамаатай юм.

Уур амьсгал өөрчлөгдөхөд хүлэмжийн хий нөлөөлдөг

Хүн төрөлхтөн хүлэмжийн хийг бууруулагч ой модныхоо үлэмж хэсгийг устгаснаас дэлхийн хуурай газрын талыг бүрхэж байсан ойгоос одоо дөнгөж дөрөвний нэг нь үлдээд байна. Модгүй болсон талбай нь өөрөө хүлэмжийн хий үйлдвэрлэгч болж хувирдаг. Устсан ойн талбайгаас ялгарч байгаа хүлэмжийн хий нь дэлхийн нийт тээврийн хэрэгслийн ялгаруулж байгаа хүлэмжийн хийнээс 4,3 хувиар их байна.

Хүлэмжийн хийг бууруулагч нь ой мод

Ой мод, өвс ургамал нь ялгаран гарч байгаа нүүрсхүчлийн хийн ихээхэн хэсгийг шингээж уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалахаас гадна агаарыг цэвэршүүлэх, усны чанар, нөөцийг сайжруулах, хөрсийг бэхжүүлэх элэгдлээс хамгаалдаг ашиг тустай юм.
Дэлхийд хамгийн их хүлэмжийн хий хаанаас ялгарч байна вэ?
Эрчим хүчний салбар, цахилгаан станцууд 25,9%
Аж үйлдвэрлэлийн салбар 19,4%
Ой модны салбар / ой мод устгах/ 17,4%
Хөдөө аж ахуй 13,5%
Тээврийн салбар 13,1%
Барилгын салбар 7,9%
Цэвэрлэх байгууламж 2,8%

ХАА-н салбараас ялгарч байгаа нийт хүлэмжийн хий 13,5 хувь байдгийн 80 хувь нь мал аж ахуйтай холбоотой ажээ. Ялангуяа метан хийний 37 хувь, нийт азотын дутуу ислийн 65 хувь нь мах үйлдвэрлэх явцад ялгардаг байна. Мал аж ахуйгаас үүдэн цөлжиж байгаа газраас гарч буй хүлэмжийн хий эрс нэмэгдэж нийт бэлчээрийн талбайн 20 хувь нь доройтолд орсон байна.

Мах үйлдвэрлэлээс гарч буй сөрөг нөлөө

Мах үйлдвэрлэлд цэвэр усны 70 хүртэлх хувийг ашигладаг. Гол мөрний сав газруудын ихэнхийг бохирдуулдаг. Дэлхийн үр тарианы 43, буурцагт ургамлын 85 хүртэлх хувийг зарцуулж байна. 2О07 оны байдлаар дэлхийн хэмжээгээр жилдээ 275 сая тонн мах үйлдвэрлэсэн. Энэ их махыг тээвэрлэх, боловсруулж бүтээгдэхүүн болгоход асар их зардал гарна. Бид махныхаа хэрэглээг багасгаж чадвал дэлхийн дулаарлыг ойрын хугацаанд 50-иас дээш хувь бууруулж чадах юм. Махан хоол их хэрэглэх нь зүрх судасны болон ходоодны өвчнөөр өвчлөх магадлалыг ихэсгэдэг. Хүн төрөлхтөн мах их хэрэглэснээс болоод байгаль дэлхийгээ их хэмжээгээр сүйтгээд зогсохгүй, бас өөрсдийнхөө эрүүл мэндийг хохироож байна. Эх дэлхийгээ аврах, эрүүл мэндээ хамгаалах, хойч үедээ амьдрах орчин үлдээхийн тулд махны хэрэглээг эрс багасгацгаая.

Манай орны хувьд уур амьсгалын
өөрчлөлт нөлөөлж буй зүйлс


Манай орны хувьд жилийн дундаж температур 2,1 хэмээр нэмэгдсэн, жилд орох тундасны хэмжээг 70 жилийн өмнөхтэй харьцуулахад долоон хувиар буурсан төдийгүй дэлхийн дулаарал, малын тоо толгойн хэт өсөлт нь тал хээрийн, ойт хээрийн, ойн, ус, нуурын, намгийн экосистемүүдийг бүхэлд нь доройтолд хүргэж, нийт ургамлын нөмрөгийн 80 гаруй хувийг талхагдалд оруулжээ.
Байгалийн өвс ургамлын тал хувь нь нь малын хөлөөр талхлагдаж, нөхөн сэргэхгүй болж зээргэнэ, бор, шаваг, агь, лууль, шарилж зэрэг зэрлэг ургамал 250-300 хавтгай дөрвөлжин километр газар нутагт ургаж байна.

Хуурайшилт байгалийн гамшгийн эх үүсвэр

Хуурайшилт, хүчтэй салхи нь ой, хээрийн түймрийг байгалийн гамшгийн хэмжээнд хүргэдэг гол шалтгаан боллоо.
Манай улсын хэмжээнд 5128 гол горхи тоологдсоноос 852 гол горхи тасарч, ширгэжээ. Монгол орны ойн 98.5 хувь нь ойн түймэрт өртөх магадлал өндөртэйд тооцогддог байна. Зөвхөн 1996 он буюу нэг жилийн дотор гэхэд 417 ойн түймэр гарчээ. Үүнээс болоод улсад 1.13 миллиард төгрөгийн хохирол учирсан байх юм.
Ойн хортон хөнөөлт шавьж нь ихэвчлэн хуурай жилүүдэд гэнэт олшрон хөнөөлийн голомт үүсгэдэг байна. Төвийн болон Хангайн бүсэд өрөөсгөл хүр эрвээхэй хэмээх том цагаан эрвээхэй 2002 оны зунаас үзэгдэж эхэлсэн.
Газарзүйн хүрээлэнгийн судалгаагаар Улаан нуур орчим 8-10 метр өндөртэй элсэн манхнууд жилд 15 метр, 5-6 метр өндөртэй манхнууд 20 метр хурдтай нүүж байгааг тогтоосон байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар
олон улсын бодлого чиг хандлага


Уур амьсгалын өөрчлөлтийн талаар дэлхий нийтээрээ уялдан зохицуулсан олон улсын түвшний бодлого боловсруулах нь огт шинэ зүйл биш юм.
Тэртээ 24 жилийн өмнө Женев хотноо 1979 онд НҮБ анхны хурлыг хуралдуулж, түүний дараа Австрийн Вена хотод1985 онд, Канадын Монтреал хотод 1987 онд олон улс түмэн хуралдан агаар мандлын озоны давхаргыг устгагч бодисыг үйлдвэрлэлээс шатлан халах арга хэмжээг хэлэлцэн тохирсон билээ.
1988 онд Канадын Торонто хотод болсон хурал дээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ахин авч хэлэлцээд дараа нь 1992 онд болсон Рио де Жанейрогийн Байгаль орчин болон хөгжлийн НҮБ-ын хурлаар мөн авч хэлэлцсэн байна. Энэхүү хурлаар олон улсын дагаж мөрдөх уур амьсгалын өөрчлөлтийн хүрээ конвенцийг байгуулж 1994 онд хүчин төгөлдөр болгосон. Уг конвенцид нэгдэн орсон 166 улс 2005-2006 он гэхэд тодорхой хэмжээгээр хүлэмжийн хийн ялгарлыг багасгах үүрэг авсан юм. Эдгээр улс гүрэн бүр өөрсдийн улсын хэмжээнд хүлэмжийн хийн тооллого хийх, авах арга хэмжээг боловсруулан үр дүнгийн талаар талуудын хуралдаанд танилцуулах үүрэг авсан байна.
1992 оны хурлын дараахан улс гүрнүүд сайн дурын үндсэн дээр өөрсдөө хүлэмжийн хийгээ багасгах үүргээ биелүүлэхгүй байгааг анзаарч, эдгээр талуудыг үүргээ биелүүлэхэд нь хяналт тавих олон улсын гэрээ хэлцлийг байгуулахаар болов. Гэхдээ хөгжингүй орнуудад тодорхой хэмжээ зааж бууруулахыг даалгахаар тохиржээ. Ингээд 1997 онд Киото хотод, дараа нь Буэнос Айрест хуралдаж хэн нь хэдэн хувиар бууруулах дээрээ тохиролцож чадалгүй, хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудын хооронд санал зөрөлдөөн гарсан юм.

0 comments: