Усыг дээдэлж хамгаалах уламжлалт аргаас


Зан үйл, ёс заншил гэдэг нь тухайн ард түмний амьдрах орчны онцлог хэв заншил, ертөнцийг үзэх үзлийнх нь илрэл байдаг билээ.
Уламжилалт зан заншлуудын дотор газар дэлхий, тэнгэр лус, ан амьтан, ус булаг зэрэгтэй харьцах зан үйлийг эртнээс хийж ирсэн. Эцэг дээдэс маань шашны зан үйл хийгээд ардын уламжлалт арга ухаанаар байгаль хамгаалах боловсролыг олгож иржээ.
Олон тахилга үйлдэж байснаас газар усыг шашин номын ёсоор тахих ёслол өргөн байдаг. Ингэж газар орон лус савдагаа тахиж хүндэтгэл үзүүлвэл аж амьдрал өөдлөн дэвжиж эвтэй найртай байна хэмээн сургаж ирсэн. Тахилгад гарсан лус савдгийнхаа оршсон уул ус, орон нутагт янз бүрийн улайны үйлийг үйлдэж үл болох бөгөөд ялангуяа содон зүстэй ан амьтан, буга согоо, янзага, аргаль янгир, дээрээ шүдтэй тарвага, цагаан тарвага, галт хар үнэг, могой мөн амьтны манлай сорыг алж хядах, гал тавин түймэрдэж хорхой шавж, ургамал шатаах, жигүүртэн амьтад болох, тас, бүргэд, хун, галуу, ангир, хон хэрээ, ёл зэрэг шувууд амьтдыг хөнөөж хорловол лус савдаг хилэгнэн түүний эхнэр нөхөр, эцэг эх, төрөл саданг амь нас, ажил үйлсэд аюул учруулан доройтуулдаг гэж сургадаг. Тахилгатай холбоотойгоор овоо тахисны дараа овооны орчимд буй нуур цөөрмийн загас жараахайг барихыг цээрлэнэ. Энэ нь овооны сахиус хилэгнэхээс сэрэмжилж байгаа юм гэж захидаг.
• Аршаан булгийг лусын эзний өргөө, ундаа гэж үзэж хөндөхийг цээрлэх
• Аршааны загас жараахай, хорхой шавьжийг хөнөөхийг хориглох
• Аршаан булгийн дээд талд юмуу саахалт айлаас дотогш гэр майхан барьж болохгүй
• Аршаан булаг, голын ойролцоо “Морь хардаггүй”
• Голын усруу сүү цагаа оруулдаггүй
• Сүүтэй шанагаар уснаас хутгадаггүй.
• Голын уснаас гараар самарч уудаггүй. Аягаар хутгаж ууна.
• Тогтмол усанд биеэ, хувцасаа угаахыг цээрлэх
• Ус гатлахдаа мориноос бууж уснаас нь духандаа хүргэн адис аваад гатлах зэрэг эртний зан заншлын ариун нандин зүйлс, домог түүх олон бий.
Булаг шандыг хамгаалах, буртаглахгүй байх талаар хуульчлан заасан нь ч тэмдэглэгдэн үлджээ.
“Газрын шим өвс ургамал, ой цэцэрлэг, булаг шанд, мөрөн гол, эрдэнийн уурхай тэргүүтэн бүгдээр усны тэжээгдэлд харгалзана. Усны тэжээгдэл нь их далайд харгалзах бөгөөд далай тэнгис, булаг ус, мөрөн гол тэр бүгд лусын эрхэнд байх болой. Эдгээр ч лусын их хаадын буян мөн” хэмээн сударт өгүүлсэн байдаг. Иймд домогт өгүүлсэнчлэн лус хэмээгдэгч эгэл нүднээ үл үзэгдэгч амьтан нь нуур далай, горхи булаг, мөрөн голд оршдог ажээ.
Лусын буулт, буцалттай үеэр улай гаргах, хүдрийн заар авах зэргийг тэвчих учиртай. Алив бус зүйл үл үйлдвээс лусын хорлолд үл өртөнө. Лусын буулт, буцалт тохиосон өдөр уул ус, ургамал амьтныг хайрлан хамгаалбаас лус баясдаг тул тийнхүү баясгагчийг лус ивээн ээлтэй ханддаг.
Мөн хаврын урсгал усыг түүхий ус гэдэг бөгөөд усанд орон биеэ угаахыг хориглодог. Зун шар цэцэг гүйцсэний дараа юм уу, намар усанд ордог. Намрын усыг болсон ус гэдэг. Худаг, булаг шандаас ус асгаж цутгахгүй, цэмцгэрхэн авна. Худгаас малаа зайдуухан зогсоож онгоцгоор юм уу сав суулгаар усалдаг байжээ.

0 comments: